Тахлын үеийн сонгуульд Өмнөд Солонгосын эрх баригч нам томоохон ялалт байгууллаа

626

Өчигдөр Өмнөд Солонгосын парламент буюу үндэсний ассемблейн сонгуулийн санал хураалт болж, одоогийн эрх баригч нам томоохон ялалт байгууллаа.
Энэхүү ялалтад ерөнхийлөгч Мүүн Жэ Иний коронавирусийн тахлын эсрэг авсан арга хэмжээ гол нөлөө үзүүлсэн гэлцэж байна.
Түүний зүүний үзэлт Ардчилсан Намын тэргүүлсэн эвсэл 300 суудлаас 180-ыг авсан нь 1987 оны ардчилсан шилжилтээс хойш парламентад хамгийн том олонх бүрдсэн тохиолдол болжээ.
Сөрөг хүчний Нэгдсэн Ирээдүй консерватив намын тэргүүлсэн эвсэл 103 суудал авсан байна.
Цар тахлын үед болж байгаагаараа онцлог энэ удаагийн сонгуулийн ирц 66.2 хувь хүрсэн нь 1992 оноос хойш Өмнөд Солонгост болсон бүх парламентын сонгуулиудын ирцээс хамгийн өндөр нь болжээ.
Лхагва гарагт амны хаалт зүүсэн олон сая сонгогч хоорондоо нэг метрийн зайтай дугаарлан зогсож, саналаа өгсөн юм.
Санал өгөхийн өмнө биеийн халууныг нь шалгаж, гарыг нь ариутгасны дараа нэг удаа хэрэглэх бээлий өмсгөж байжээ.
Халуунтай болон амны хаалт зүүгээгүй сонгогчдыг тусгай бүхээгт саналыг нь өгүүлж, дараа нь бүхээгийг ариутгаж байв.
Сонгуулийн урьдчилсан санал хураалт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхэлсэн юм.
Энэ удаагийн сонгуулиар Covid-19 өвчтэй, эмчлүүлж байгаа болон өөрийгөө тусгаарлаад байгаа сонгогчдод саналаа өгөх боломж олгосон байна.
Өмнөд Солонгос нь шинэ коронавирусийн тахалд анх нэрвэгдэж байсан орнуудын нэг боловч вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн улсад тооцогддог.
Өчигдөр энэ улсад шинэ халдварын 22 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн дөрвөн өдөр дараалан 30 хүрэхгүй тохиолдол илрээд байна.
Өнгөрсөн хугацаанд нийтдээ 10,613 хүн халдвар авснаас 229 хүн нас баржээ.
Энэ сонгуулиар Умард Солонгосоос дүрвэж ирсэн хүн анх удаа парламентын гишүүн болж чадсан юм. Умард Солонгосын Лондон хот дахь элчин сайдын яаманд дэд сайдын алба хашиж байгаад 2016 онд гэр бүлийн хамт Өмнөд Солонгост дүрвэж ирсэн Тэ Ён Хо сөрөг хүчний гол намаас нэр дэвшиж ялалт байгуулжээ.
Тэрээр Сөүл хотын хамгийн чинээлэг дүүрэг болох Ганнамын тойрогт олонхын санал авсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn