Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?

0

Даваа гарагт болдог УИХ дахь намуудын бүлгийн хурлаар 2025 оны төсөвтэй холбоотой нэг “ШБОС” яригджээ. Тэр нь УИХ-ын гишүүд, тэр дундаа тойргоос олон удаа сонгогдсон гишүүд лобби үүсгэж, 2025 оны төсвийг задлаад, тойргуудад, эсвэл аймгуудад 5-10 тэрбум төгрөг тусгахаар өөрчлөх тухай юм. Энэ нь даваа гарагаас хойшх улс төрийн халуун сэдэв болоод байна.

Ер нь бол үүнийг “Төсвийн байнгын хорооноос ийм санаачилга гарсан”, “АН-ын санхүүч гишүүн энэ санааг гаргасан” гэж гишүүд тайлбарлаж байгаа юм.

Зарим гишүүн “Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсгийн гишүүдээс “Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг задалж, тойргийн санхүүжилтийн асуудлыг тусгах ёстой” гэсэн санал гаргасан юм билээ. Тус ажлын хэсэгт олон намын төлөөлөл орсон. Гэхдээ жагсаалтаар сонгогдсон нэг ч гишүүн байдаггүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн бодлого Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаараа явах уу, эсвэл тус бүрийн аймагт нэр нь тодорхойгүй ажлууд хийгдэх үү гэдэг асуудал яригдсан” гэж байна.

Бас “АН-ын санхүүч гишүүн энэ орон зайг гаргаж ирсэн. Тэр нь гишүүдийн дунд найруулагдаад явж байна. Нэгэнт өргөн баригдсан төсвийг задалж, дундаас нь тойрогтоо санхүүжилт авах орон зайг бий болгож байгаа гишүүдийн асуудал ганц намынх биш.

Нам дамнасан асуудал бий. Ийм лобби бүлэг байх шиг байгаа юм. Тэд мөнгө хэмнэж байгаа нэрийдлээр Засгийн газрын төсвөөс хасаж, тойрогт тусгуулах гэсэн оролдлогууд явж байна. Бид нэгдсэн нэг бодлоготой байх ёстой. Шулуухан хэлэхэд 126 гишүүн гэдэг чинь 126 төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн үг биш. Хаана сургууль, цэцэрлэг барих, зам тавих шаардлагатай байгааг тухайн асуудал эрхэлсэн яамд нь гаргах ёстой. Түүнээс биш хэн нэг гишүүний тойргийн эрх ашгаа тэргүүнд тавьсан асуудлаар шийдэгддэг зүйл биш. Ялангуяа тойргийн төсвийн асуудалд нам харгалзахгүйгээр шинэ гишүүд нэгдэж ажиллаж чадаж байгаа” гэж байна.


Ерөнхийдөө 2025 оны төсвийг задлах эсэх асуудлаар гишүүд тойрог-жагсаалт гэхээсээ шинэ-хуучнаараа ялгарсан байдалтай байна. Өөрөөр хэлбэл, “Тойргоос сонгогдсон ч том төслүүдийг дэмжих ёстой” гэж шинэ гишүүдийн дийлэнх үзэж байна.

Тухайлбал, “Парламент яах гэж 126 гишүүнтэй болсон юм бэ. Юуны тулд сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм. Олон удаа сонгогдсон өлсгөлөнгүүдийг тэжээх гэж бид тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм уу. Тойргийн эрх ашгаа хамгаалдаг асуудлыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. 2025 оны төсвийн гол зорилго нь төсвийг тойргуудад жижиглэхээс илүү том асуудлаа нэг мөр шийдье гэж л энэ их зардлыг нэмж орж ирж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг задалъя гэдэг дээр лобби бүлэг үүсгэчихсэн МАН-ын хэдэн гишүүн яваад байна гэсэн. Тэднийг ичиж амьдар гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь энэ парламентад сонгогдсон гишүүдийн 80 хувь нь шинэ хүмүүс байгаа. Тиймээс биднийг бүү басаарай гэж хэлье” хэмээн байр сууриа хурцаар илэрхийлж байгаа гишүүн ч байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч даваа гаригаас хойш оролцсон хэд хэдэн арга хэмжээ, уулзалтынхаа үеэр энэ талаар тодорхой, тодруулбал нэлээд бухимдалтайгаар байр суурь илэрхийлсэн байна.

Тэрээр “Юун 5-10 тэрбум төгрөг вэ. Олон сонгогдсон зарим гишүүн төсвийг задалж, тойрогтоо мөнгө тавина гэнэ үү. Бид чинь жижиг тойрог ярихгүй, улс гэсэн том тойрогт ажил хийе гэж томоохон өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Бүсчилсэн. Холимог тогтолцоонд шилжсэн. 126 гишүүнтэй болгосон. Энэ бүхний хэрэг үүн дээр л гарах ёстой. Дахиад энэ талаар ярих ёстой юу. Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын ажлыг нурааж, хөгжлийг гацааж ирсэн хуучин соёлдоо яасан дуртай юм бэ” гэжээ.
Гэвч ийм лобби хийж буй гишүүд “Төсвийг задалж тойрогтоо мөнгө тавиулахын тулд бойкот хийе” гэдэг тохироонд хүрсэн гэх мэдээлэл байна.


Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn