Бейрут хотод гашуудал зарлалаа

525
 
Ойрхи Дорнодын Швейцарь гэгддэг Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод мягмар гаригт томоохон хэмжээний тэсрэлт болж хамгийн багадаа 100 хүн нас барж, 4000 гаруй хүн гэмтээд байна.  Дэлбэрэлтийн улмаас байшин барилга нурж, цонх нь хагарч, машинууд осолдож, хүмүүс нурангид дарагджээ.
 
Ерөнхийлөгч Мишел Аун зургаан жилийн турш аюултай газарт хадгалсан 2750 тонн аммонийн нитрат задарч, дэлбэрэлт үүссэн гэжээ. Тэрээр өчигдөр парламентаа шуурхай хуралдуулж хоёр долоо хоног  онц байдал зарлалаа. Өчигдрөөс гурван өдрийн туршид тус хот гашуудал зарлана хэмээн албаны хүн мэдэгджээ. Ерөнхийлөгч Аун Засгийн газраас 100 тэрбум лир буюу 66 сая ам.долларыг түргэн тусламжид зарцуулахаа мэдэгдлээ. 
“Бид маш том гамшгийн гэрч боллоо. Шархадсан хохирогчид хаа сайгүй байна. Одоогоор 100 хүн амиа алдсан. Бид үргэлжлүүлэн хохирогчдыг хайж, шархадсан хүмүүст тусламж үзүүлж байна” гэж Ливаны Улаан Загалмайн тэргүүлэгч Жорж Кеттани ярьжээ. Албаны хүмүүс дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж байна. 
Ливаны Батлан хамгаалах яамны дээд зөвлөл хариуцсан хүмүүс буруутанд ногдуулж болох хамгийн дээд шийтгэлийг онооно гэжээ. Энэ аммонийн нитратыг гаалийн байгууллага хураан авсны дараа 2013 онд тус боомтны агуулахад хадгалжээ.  Дэлбэрэлтээс үүдсэн гашуудалтай зэрэгцэн маргааш хуучин ерөнхий сайд Рафик Харириг хөнөөсөн хэргийн ял оноох шүүх хурал болно. Дэлбэрэлт ерөнхий сайд асан Хариригийн машиныг дэлбэлсэн хэргийн газрын ойролцоо болжээ.  
Энэ дэлбэрэлт тус хотоос 240 километрт байрлах Кипр аралд мэдрэгдсэн бөгөөд тэд үүнийг газар хөдлөлт гэж боджээ. Ливан улс  Израйльтай хилийн маргаантай байгаа ч энэ дэлбэрэлтэд Израйль хамаагүй гэж албаны хүн мэдэгдсэн байна. Эрх баригчид лхагва гаригийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn