Булган аймагт эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг тэмдэглэлээ
Булган аймгийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг тэмдэглэж, сумын эрүүл мэндийн байгууллагатай цахим хурал зохион байгуулан, тэргүүний хүмүүсийн төлөөлөлд шагнал гардууллаа.
-Оны шилдэг байгууллага аваргуудаа шалгаруулдаг уламжлал “Covid-19” вирусний улмаас шалтгаалан хойшилсон байсан. Энэ жилийн хувьд эмнэлгийн ажилтны өдрөөр өнгөрсөн оны шилдгүүддээ шагналыг нь гардуулж байна. Эрүүл мэндийн салбарын хувьд 2019 онд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн түүхэн жил байлаа. Саяхан ЭМЯ-аас 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжөөр хангасан. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.
Аймгийн эрүүл мэндийн салбарын 2019 оны шилдэг байгууллагаар Сэлэнгэ, Сайхан сум, Хялганат тосгоны эрүүл мэндийн төв шалгарч шагнал хүртлээ. Эрүүл мэндийн салбарын “Шилдэг менежер”-ээр Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Дулам, “Шилдэг их эмч”-ээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн эмч П.Оюун-Эрдэнэ, “Шилдэг залуу их эмч”-ээр Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Оргил, “Шилдэг эм зүйч”-ээр “Булган эм импекс” ХХК-ийн захирал Г.Батцэцэг, “Шилдэг сувилагч”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны сувилагч С.Уранчимэг, “Шилдэг бага эмч”-ээр Хангал сумын Эрүүл мэндийн төвийн багийн бага эмч М.Мөнгөнцэцэг, “Шилдэг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн”-ээр Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн арга зүйч бага эмч Б.Должинсүрэн, “Үйлчилгээний шилдэг ажилтан”-аар Эрүүл мэндийн газрын ариутгагч Г.Оюунцэцэг, “Алтан чагнуурын эзэн”-ээр Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Соёлмаа нар шалгарчээ.
Мөн салбарын шагнал хүртсэн зарим хүмүүст эрүүл мэндийн ажилтны өдөр шагналыг нь гардууллаа.