"Хуурамч дипломоор төрд ажилласан хүмүүсийн цалинг буцаан төлүүлнэ"

Өнгөрсөн жил Боловсрол шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломоор боловсролын салбарт ажиллаж буй цөөнгүй хүмүүс байгааг илрүүлж, зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. Гэвч хуурамч дипломоор төрд ажиллаж буй хүмүүс байсаар байгаагийн нэг жишээ бол Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг юм. Тэрбээр ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн гэх D200828037 дугаар бүхий дипломыг ажилд орох үедээ бичиг баримтдаа хавсаргаж өгчээ. Гэтэл энэхүү диплом нь хуурамч бөгөөд D200828037 дугаар бүхий диплом нь гидрогеологи мэргэжлээр төгссөн Т.Өрнөхийн дипломын эх хувь болон ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяагийн Замын хөгжлийн газарт илгээсэн албан бичгээр баталгаажиж байгаа билээ.
