Гол, нуурын мөс цөмөрч, автомашин живжээ

Гол, нуур мөстөж, мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд мөс цөмөрсөн хоёр дуудлага онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нуур дээгүүр зорчиж явсан зургаан хүнтэй гурван автомашин мөсөнд цөмөрсөн байна. Зорчигчид уснаас аюулгүй, эсэн мэнд гарсан ч автомашин нь живжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, нуурын эргээс 10 метрийн зайнаас “Киа бонго-3” загварын ачааны автомашиныг татаж гаргасан аж. Мөн нуурын эргээс 280 орчим метрийн зайд “Тоёота пробокс” загварын суудлын автомашин мөс цөмөрч орсныг татан гаргахаар ажилласан боловч мөс хэт нимгэн байсан тул түр зогсоожээ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Орхон гол дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөсөнд цөмөрсөн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн гэнэ. Дуудлагын дагуу Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход машинд сууж явсан хоёр зорчигч эсэн мэнд уснаас гарсан байжээ.
Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байгаатай холбогдуулан гол, нуурын мөсөн бүрхүүлийн тогтоц харилцан адилгүй байгааг сануулав. Ташрамд, улсын хэмжээнд он гарснаас хойш өнөөдрийн байдлаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 22 иргэний амь аварсан байна.