Бага насны хүүхэдтэй эцэг эхэд тав хүртэл хоногийн чөлөө олгохыг үүрэг болгожээ
Булган аймгийн Онцгой комисс коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Засгийн газар болон ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг орон нутагт зохион байгуулж сум, агентлаг, аж ахуйн нэгжийн удирдлага үүрэг чиглэл өгөөд байна.
Сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ оны 3-р сарын 02-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хаасантай холбогдуулж асран хамгаалах бага насны хүүхэдтэй эцэг эхэд 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох арга хэмжээ авахыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад аймгийн Онцгой комисс үүрэг болгожээ.
Судалгаагаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн 70-80 хувь төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа аж. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад эцэг, эх нь хоёулаа ажилладаг ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар анги, цэцэрлэгт хүүхэд нь хамрагддаг ажиллагсад ээлжлэн хүүхдээ харах боломжоор хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга сумын Засаг дарга, агентлаг, байгууллагын дарга эрхлэгч нарт чиглэл өгөөд байна.