БНХАУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн, нийлэг хальсан уут зэргийг нуун дарагдуулан импортлосон байв
БЗД 10-р хороонд байрлах Амгалан ложистик гаалийн хяналтын бүсийн 5 дугаарын гаалийн түр агуулахад хадгалж буй бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Өгөөмөрбаян дэнж ХХК нь улсын хилээр нуун дарагдуулан БНХАУ-аас нийтэд худалдан борлуулах зорилгоор импортын мэдэгдэлгүй, хорио цээрийн хяналт шалгалтанд ороогүй, экспортын гэрчилгээгүй, хөрстэй цэцэг, таримал цэцэг, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй гоо сайхны бүтээгдэхүүн, хилээр нэвтрүүлэхийг хориглосон нийлэг хальсан уут зэргийг тус тус импортлосон зөрчил үйлдсэн нь тогтоогджээ.
Иймд агуулахад хадгалж байгаа хөрстэй цэцэг, таримал цэцэг, гоо сайхны бүтээгдэхүүн, нийлэг хальсан уут зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулахад таримал цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхий хачиг илэрсэн тул улсын байцаагчийн хяналтан дор мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, зөрчил үйлдсэн Өгөөмөрбаян дэнж ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 6, 11.22 дугаар зүйлийн 4, 8 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.