Оросын шүүх АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жилийн хорих ял оноолоо

26
Москва хотын шүүх өнөөдөр буюу Даваа гарагт АНУ-ын иргэн Пол Уиланыг тус улсын эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж, 16 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурлын ажиллагаа хаалттай болсон нь хэргийн баримтуудад нууц материал агуулагдаж байгаатай холбоотой гэнэ. АНУ-ын тэнгисийн хүчний офицер асан 50 настай Пол Уилан нь 2018 оны арванхоёрдугаар сард Москва хотод ирэхдээ баривчлагдсан юм. Баривчлагдах үедээ тэр автомашины эд анги нийлүүлэгч АНУ-ын компанийн хамгаалалтын албаны захирал байжээ. Оросын прокурорууд түүнийг нууц материал агуулсан флаш диск хадгалж байсныг батлаад 18 жилийн хорих ял оноох саналыг Москвагийн шүүхэд танилцуулаад байсан юм. 
Харин Уилан тухайн үед таньдаг хүн нь түүнд аяллын гэрэл зурагтай флаш диск өглөө гэж ойлгосон, өөрийгөө зохион байгуулалттай улс төрийн явуулгын золиос болсон гэж мэдүүлж байна. Гэр бүлийнхэн нь түүнийг танилынхаа хуримд уригдаж, Москва хотод очсон гэж мэдээлж байгаа юм. АНУ-ын засаг захиргаа Пол Уиланыг гэм буруугүй гэж үзээд суллахыг Оросын талд уриалсан ч үр дүнд хүрээгүй. Москва дахь АНУ-ын элчин сайд Жон Салливан өнөөдрийн шүүх хуралд биечлэн оролцохоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Уилан нь мөн Британи, Канад, Ирланд улсуудын давхар иргэншилтэй тул эдгээр улсуудын элчин сайд нар шүүх хуралд оролцож магадгүйг Салливан мэдээлж байжээ.  

Р.Төмөр 
Эх сурвалж: AFP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn