Б.Ариун-Эрдэнэ: Булганыхан ирэх он жилүүдэд “Шинэ хөгжлийн зам”-аар урагшилна

30

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.


- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг аймгийн ИТХ баталлаа. Энэ хөтөлбөрийн онцлогийг товч тодорхойлно уу?

- Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-аар хэлэлцэн баталлаа. Булган аймгийн Ардчилсан нам 2020 оны орон нутгийн сонгуульд оролцохдоо 5 хүчин зүйлийг уриагаа болгон орсон. Энэ нь эрүүл мэндийн салбарын хөгжил, боловсролын салбарын хөгжил, хөдөө аж ахуйн хөгжил, үйлдвэрлэлийн хөгжил, аялал жуулчлалын хөгжил  юм.

Эдгээр 5 асуудлыг шийдэж чадах л юм бол бидний ойрын ирээдүй өнгөтэй харагдаж байна. Мэдээж хөтөлбөрт Булган нутгийн үе үеийн төр, засгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, манай ард иргэдийн өнгөрсөн түүхийн ололт амжилтуудыг бататгахаар тусгагдаж байгаа. Мөн өнөөдөр бидний явуулж байгаа үйл ажиллагаа, ирээдүйд бид ямар замаар хөгжих, түүнд хүрэхэд юу хамгийн чухал зүйл вэ гэдгийг хүртэл шингээсэн харьцангуй бүтээлч хөтөлбөр болсон гэдэгт найдаж байна.

Тиймдээ ч энэхүү хөтөлбөрөө миний бие “Шинэ хөгжлийн зам” хэмээн нэрлэсэн юм. Хөгжлийн шинэ замаар замнахад бидэнд эв нэгдэл, бүтээлч сэтгэлгээ, шинэ санал санаачлагууд, хариуцлагатай байдал, бусдын сайн туршлагыг өөрсдийн ололттой зүйлтэй хослуулан ажиллах зэрэг хүчин зүйлүүд чухал гэдэгт маш их итгэлтэй байгаа.

-  Үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий тэргүүлэгч аймгийн нэг болгоно гэсэн зорилт тавилаа. Одоо Булган өрсөлдөх чадвараар аймгуудаас хамгийн сүүлд байгаа. Ялангуяа эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг гэсэн үзүүлэлтээр хамгийн бага оноо авсан байдаг. Ямар арга замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж зорьж байна вэ?

- Аливаа сайн сайхан зүйлд хүрэхэд зорилго хэрэгтэй. “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго нь Булган аймгийг үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвартай, тэргүүлэгч аймгуудын нэг болгоно гэсэн юм. Би ажил аваад нэг сар гаруй болж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Эдийн засгийн тамир тэнхээ сул, бизнесийн үр ашиг муу байна. Дээрээс нь дэлхий дахинд нүүрлэсэн “Covid-19” цар тахал ч бидний ажилд үлэмж хэмжээний хор хохирол учруулж байна.

          Эдийн засаг, бизнесийн үр ашгийг ямар арга замаар нэмэгдүүлэх тухайд бол эхлээд бидэнд ямар боломжууд байгаа вэ? Байгаа боломжуудаа ямар арга замаар ашиглах вэ? гэсэн асуудлуудыг олон талаас нь сайтар ярилцаж, тэдгээрт таарсан дүн шилжилгээ гарган, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллах болов уу гэж бодож байна.

Жижиг дунд үйлдвэрлэлүүдийг бодитойгоор дэмжин ажиллах, улмаар нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүс нутгийн аялал жуулчлалын интеграцид нэгдэж, энэ салбараас аж ахуйн нэгжүүдийн олох орлогыг нэмэгдүүлэх асуудлууд эхний ээлжинд яригдана.

- Таны аймгийн ИТХ-ын хуралдаан дээр хэлсэн үгнээс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт арай түлхүү анхаарах бодлого ярьж байх шиг санагдсан. Хөдөө аж ахуйн талаар ямар зорилт дэвшүүлж байна вэ?

-Хөдөө аж ахуйн салбарын тухайд манай аймаг улс орон эдийн засгийн хувьд хүнд хэцүү он жилүүдэд улс орноо тэжээж, нуруун дээрээ үүрч ирсэн цөөхөн аймгуудын нэг. Энэ утгаараа манай аймаг газар тариалан, мал аж ахуйн бүс нутаг хэмээн шууд хэлэхэд огтхон ч санал зөрөлдөхгүй. Өнөөдөр ч хөдөө аж ахуйн салбартаа зөв менежмент хийгээд, энэ салбараа бодлогоор дэмжээд явахад орон нутаг хөгжих нөөц бололцоо дүүрэн байна.

- Манай аймгийн хувьд байгалийн сайхан нутаг. Ногоон хөгжлийн бодлого ямар байх вэ?

-Ногоон хөгжлийн тухай ойлголт дэлхий дахины асуудал болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Бид энэ асуудалд бас л хариуцлагатай хандах хэрэгтэй. Бид одоо л нэг ногоон хөгжлийн тухай ярьж эхэлж байгаа нь хожуу ч гэсэн сайн хэрэг. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа маш сайн хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаа. Бид Ардчилсан нам аймагтаа засаг барьж байсан 2012-2016 онд “Ногоон хөгжлийн загвар аймаг болно” гэсэн үзэл санаагаа илүү сайжруулан үргэлжлүүлэх болно.  

- Энэ ташрамд тодруулахад хөрөнгө зарж, орлого олох тухай санаагаа ИТХ-ын төлөөлөгчдөд хэлсэн. Тухайлбал Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд 100,0 сая төгрөг зарцуулаад 500,0 сая төгрөгийн орлого олохыг бодох ёстой гэсэн. Аймгийн хэмжээнд томоор харж сэтгэнэ гэсэн бодлогоо тайлбарлана уу?

-Аялал жуулчлалаас орлого олж байгаа олон сайхан жишээг дурдаж болно. Энэ салбар бол аль ч цаг үед өөрийн үнэ цэнээ алдахгүй байх боломжтой салбар. Гагцхүү яаж энэ салбарт зөв менежмент хийж, зөв хөрөнгө оруулалтууд оруулж, хэр их хэмжээний ашиг орлого олохыг бидний ухаан мэднэ.

- Төсөв хязгаартай. Хөрөнгө авах биш өөрсдөө босгох уриалга санаачилга өрнүүлнэ гэсэн. Ялангуяа орон нутагт шийдэх асуудлыг энэ замаар хэрэгжүүлэх бодолтой байх шиг байна. Энэ талаар...

-Зөвхөн төсөв харж хөгжүүлнэ гэвэл ямар ч боломжгүй гэдгийг өнгөрсөн он жилүүд хангалттай харуулсан. Улс орныг хүнд хэцүү үед манай орон нутгийг удирдаж байсан дарга нарын тухай олон сайхан дурсамжуудыг сонсож байлаа. Эдгээр хүмүүс төсвөөс гадна хөрөнгө босгох ямар л боломж байна тэр бүхнийг эрэлхийлэн ажиллаж байсан тухай тэргүүний туршлагууд байдаг. Энэ утгаараа бидний ирэх он жилүүдэд хэрэгжүүлэх нэг чухал ажил нь гадаад харилцаа. Гадаад харилцаа өөртөө олон сайн үр дүнгүүд дагуулж байдаг учир энэ асуудалд онцгой анхаарах болно.  

- Саяхан аймгийн Засаг даргын ажлаа аваад Булган суманд хэрэглээний халуун устай болгох тухай асуудлыг хөндөж байсан. Дулааны станцтай учир энэ асуудлыг шийдэх нөхцөл байгаа байх. Булган сумын хэрэглээний халуун болоод дэд бүтцийг хөгжүүлэхэд ямар ажил хийх вэ? Ойрын хугацаанд төлөвлөсөн, 2021 оны төсөвт анхаарсан асуудал байна уу?

-Одоо бид нарXXIзуунд амьдарч байна. Хэрэглээний халуун усны тухай асуудал бол өнгөрсөн зуунд шийдэгдээд мартагдсан асуудал. Гэтэл бид нар одоо л нэг хэрэглээний халуун усыг нэвтрүүлэх асуудлыг ярьж байгаа нь бас харамсалтай. Гэхдээ оройтох зүйл юу байх вэ дээ. Эхний ээлжинд хэрэглээний халуун усны шугам нь хийгдсэн газруудад туршилтаар нийлүүлж үзсэн. Ирэх жил төсөвт тодорхой төсвийг суулгасан байгаа. Үе шаттайгаар ирэх жилүүдэд Булган сумын хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангана.      

- Яг энэ сэдэвтэй холбоотой тодруулах зүйл байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймагт том зочид буудал барихыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинд үүрэг болгосон. Энэ асуудал ямар түвшинд явж байгаа бол.

-Бид 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрынх нь асуудлыг шийднэ. Тэгэхээр энэ төсөл 2021 онд эхэлнэ гэж ойлгож болно. Буудал бол нэлээн олон жилийн өмнөөс манай орон нутагт албан ажлын болон амралт зугаалгаар ирсэн хүмүүст тулгардаг асуудал нь байсан. Тиймдээ ч Булганд өдөр нь ажилчихаад орой нь Эрдэнэтэд очиж хоноглодог гэсэн бодит яриа байдаг шүү дээ.  

- Уул уурхайн салбар гэж нэлээд хэл ам дагуулдаг ч эдийн засагт ихээхэн нөлөөтэй. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд ямар бодлого барих вэ?

-Өнөөдөр уул уурхайн салбар улс орны эдийн засгийг авч яваа нь үнэн. Гэхдээ уул уурхай л ганцхан мөнгөтэй орлоготой болгодог гэдэгт би итгэхгүй ээ. Тиймдээ ч дээр хэлсэнчлэн орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх олон ажлыг бид хэрэгжүүлэх болно. Уул уурхайн салбарт ажилладаг байсан гээд зах, замбараагүй уул уурхайг хөхүүлэн дэмжиж мэдээж болохгүй. Учир нь бидэнд ирээдүй гэж бий. Бид үр хүүхдүүддээ бүрэн бүтэн уул ус, газар нутгийг хүлээлгэн өгөх ёстой. Тийм болохоор хариуцлагатай уул уурхайн бодлогыг баримтлан ажиллана.

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон сайн, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, байгальдаа ээлтэй аж ахуйн нэгжүүд байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүдтэй хуулийн хүрээнд л хамтран ажиллана.

- Манай аймгийн зах зээл, бизнесийн орчинд олон татлалцал байх шиг санагддаг. Өмнө зүгийнхэн Улаанбаатар, баруун хойд талынхан Хөвсгөл, зүүн хойд болоод төвийнхөн Эрдэнэт рүү зах зээлийн урсгал яваад байдаг. Үүнийг яаж ашиглаж хөгжих вэ?

-Зам харилцааны хувьд уг нь манай аймаг баруун болон хойд бүсийн зангилаа нь болоод байгаа юм. Ер нь тэгээд явж явж төрийн зөв бодлого л дутагдаад байгаа гэж боддог. Сайнаар ашиглах юм бол боломж үнэхээр их байна. Харин зөв гарцыг олж чадахгүй бол их хөлийн дамжин өнгөрдөг жижиг аймгийн төв хэзээд л байсаар байх болно.  

- Эрдэнэт үйлдвэрт орон нутгаас хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нийлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой тухай их ярьдаг ч хэрэгждэггүй. Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн хамтран ажиллах вэ? Өмнөх жилүүдийн хамтын ажиллагааны гэрээнд бас эргэж харах зүйл байх шиг санагддаг. Энэ талаар...

-Аливаа орон нутгийн хамгийн чухал асуудал бол ажлын байр бий болгох, хүмүүс ажил орлоготой байх л асуудал. Хүмүүс ажилтай, орлоготой байхад нийгмийн сайн сайхан зүйлс өөрөө дэлгэрдэг, муу муухай зүйлс устан үгүй болдог шүү дээ. Тийм болохоор бид ажлын байрыг нэмэгдүүлэх ямар бололцоо байна, тэр бүхнийг хэрэгжүүлэхийн төлөө л хичээнгүйлэн ажиллана. Бид өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээх Орхон аймагт нийлүүлэх бүрэн боломж байна. Гагцхүү бидний бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн шаардлагад нийцсэн байх учиртай. Хэрвээ та санаж байгаа бол Сингапур улсын удирдагч Ли Куан Ю гэдэг хүний алдартай үг байдаг даа. “Бусдаас илүү хямд, бусдаас илүү чанартай” гэж хэлсэн нь тухайн орны бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол уриа нь юм. Бид энэхүү үзэл санааг өөрсдийн уриаг болгож яагаад болохгүй гэж.

- Хүний хөгжлийн талаар ямар бодлого дэвшүүлж байна вэ?

-Аливаа улс орны хамгийн чухал зүйл бол ерөөөсөө л хүн өөрөө. Хүн ард нь хөгжихгүй л бол ямар ч сайхан барилга байгууламж бариад, зам харгуй тавиад, гэрэл гялбаа хийгээд нэмэргүй. Тийм болохоор нэгдүгээрт: Бид эрүүл байх ёстой, хоёрдугаарт: Бид эрдэм боловсролтой, хандлага харилцаа сайтай байх нь юу юунаас ч илүү амин чухал зүйл. Тэгэж гэмээнэ сая бид эв нэгдэл, хүндлэл, хамтын ажиллагаа, хариуцлагатай байдлын тухай ярьж болно. Шинэ хөгжлийн зам үйл ажиллагааны хөтөлбөрийн нэлээд хэсгийг хүний хөгжлийн асуудлууд эзэлсэн байгаа.

- Манай аймгийн иргэдийн бараг гуравны нэг нь халамж хүртдэг гэсэн. Хөдөлмөр хийх хүн бага байгаа шүүмжлэл байдаг. Энэ талаар таны бодол?

-Энэ үнэхээр сонсоход хэцүү зүйл шүү.Нэг зүйлийг бид маш сайн ойлгомоор байна. Ажил хийвэл ам тосдоно гэдэг эртний сайхан үгийг санах хэрэгтэй. Тийм болохоор аль болох халамжаас татгалзаж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа дэвжээх ямар л боломж байна тэр бүгдийг хийж хэрэгжүүлэх болно.   

- Манай аймгийн боловсролын салбар улсын хэмжээнд тийм сайн үнэлгээ авдаггүй. Энэ талаар ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

- Энэ асуудал дөрөвхөн жилд унаад баларсан юм биш. Ерөөсөө олон жилийн өмнөөс л суларсаар байгаад гарсан бодит үр дүн нь энэ байх. Гэхдээ бид хугацаа алдаж болохгүй. Яагаад гэвэл энэ том салбар. Захирал, эрхлэгч нарыг солиод, багш нарыг өөрчлөөд сайжирчих асуудал ч биш. Учир нь бодлогын том асуудал шүү дээ. Хурдтай ажиллах болно. Олон ажлыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

- Та спортын хүн. Энэ 4 жилд энэ салбарт арай түлхүү анхаарах уу? Ялангуяа олимпоос Булганыхан дахин медаль хүртэх боломж байгаа байх. МҮОХ-ны Ерөнхийлөгч манай нутгийн хүн байна.

-“Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт 12 төрлөөр өсвөрийн шигшээ баг байгуулахаар орсон байгаа. Мэдээж Булган нутгаас маань дахиад Олимпын медальтан, тэр дундаа бүр аварга төрвөл сайхан байлгүй яахав. Би өөрөө гадаад дотоодын олон тэмцээнд нутаг орныхоо нэрийг дуудуулж байлаа. Үнэхээр сайхан мэдрэмж шүү.

- Булган аймгийг шинэ үеийн залуучууд удирдаж байна. Төрийн алба, засаглалын бодлогын хувьд ямар бодолтой байна.

-Одоо бидний үе ачаагаа үүрэх цаг нь болсон байх аа. Тийм болохоор бид өөрсдөө бас илүү хөгжих шаардлагатай. Төрийн албаны тухай бол Төрийн албаны тухай хуулинд заасан төрийн алба ил тод, нээлттэй байх, мэргэшсэн тогтвортой байх гэсэн суурь зарчмуудыг баримталж ажиллана. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Дарга төвтэй төрийн албанаас, ажилтан төвтэй төрийн албанд шилжмээр байна. Бүх санаачлага, бодлогын болон цаг үеийн шинжтэй ажил үйлчилгээнүүдийн санаачилгууд ажилтнуудаас эхлээд гарч байх хэрэгтэй байна. Мөн маш их хурдтай ажилламаар байна. Түргэн шуурхай ажиллах гэхээр янз бүрийн жижиг алдаанууд гарах гээд байдаг юм. Гэхдээ хамаагүй ээ. Учир нь шинэ санал санаачилга, хурдтай ажиллах бол миний амьдралын гол үзэл санаа.  

- Аймгийн гадаад харилцааг яаж өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ? Ажлаа аваад энэ талаар санал санаачилга гаргаж эхэлж байгаа нь мэдэгдэж байна.

-Би ажлаа авсан өдрөө Америк, Орос, Япон, Солонгос, Унгар, Чех, Болгар, Беларусь зэрэг 12 орны Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт хамтран ажиллах тухай албан ноот бичгээ хүргүүлсэн. Одоогийн байдлаар бидэнд Япон, Чех, Унгар, Беларусь гэсэн улсаас хариу ирүүлээд байна. Бүгд л ямар нэгэн байдлаар хамтран ажиллах тухай хариу саналаа ирүүлсэн.

Гадаад харилцаа бол хөгжлийн маш чухал асуудал. Бид ч энэ ажилдаа санаачилгатай ажиллах болно.   

- Таныг самбо, жүдо бөхийн шилдэг тамирчин, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой гэдгийг ард түмэн мэднэ. Харин ямар мэргэжилтэйг анзаараагүй байх. Тодруулна уу?

-Би Их засаг их сургуулийг 2004 онд Эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь Санхүү, эдийн засгийн их сургуулийг “Бизнесийн удирдлага”-ын чиглэлээр суралцаж дүүргэсэн. Хүн гэдэг амьтан насан туршдаа суралцдаг гэдэг шиг бусдын адил суралцаад л явж байна даа. 

- Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүнийг Ч.Оюун-Эрдэнэ гэдэг. Бид хоёр 3 хүүгийнхээ хамт олон мянган жирийн монгол айлуудын жишгээр эрүүл энх сайхан л амьдарч байна.

- Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Баярлалаа.

-Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах болно. Дөрөвдэх засаглал болсон та бүхэн ирэх он жилүүдэд аймаг, орон нутагт хийж байгаа ажил бүхнийг цаг алдалгүй түргэн шуурхай ард иргэдэд мэдээлнэ гэдэгт итгэж байна.

Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn