Үндсэн хуулийн өөрчлөлт ба тогтолцооны өөрчлөлт хийх асуудал оны төгсгөлд яригдаж эхлэв

314

Монгол Улсад тогтолцооны дорвитой өөрчлөлтийг хийх ёстой гэсэн агуулга, санаанууд өмнө нь яригдаж байсан ч  2022  оны төгсгөлд энэ асуудал нэлээд эрчимжив.  Төв талбайд нүүрсний хулгайг эсэргүүцэж жагссан иргэдийн шаардлагын ерөнхий агуулга нь тогтолцооны тухай байсан.  Мөн Төрийн ордонд ч саяхандаа  өөрчлөлт хийх тухай уулзалт, ярилцлагууд нэг биш удаа өрнөлөө.  

Тухайлбал, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-нд олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ “...14 иргэний нийгмийн байгууллагаас тогтолцооны өөрчлөлтөө хийх ёстой гэсэн шаардлага ирүүлсэн. Үүнийг нэлээдгүй удаан хугацаанд бодож, холбогдох хүмүүстэй ярилцсан. Монгол Улс 30 жил одоо байгаа тогтолцоогоор явлаа.  Хүн ам өссөн, шулуухан хэлэхэд парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Монгол Улс аливаа асуудалд гал унтраах байдлаар явсаар эрх зүйт төрд аюул учрах вий гэж санаа зовж байна.  Тиймээс эрх барьж байгаа намын даргын хувьд өргөн цар хүрээнд харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна. Намын удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, энэ нөхцөл байдлыг нээлттэй, улс төрийн намын удирдлагуудтай, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, ярилцах эрхийг би авсан. Бид тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч дарга ирээд өөрчлөгдөхгүй.  Нийгэм үүнийг том агуулгаар нь хүлээж зөвшөөрч байгаа тохиолдолд Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана” хэмээсэн. 

Мөн тэрбээр энэ сарын 15-нд УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ  “Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрх зүйн цогц шинэчлэл хийхийг УИХ,  улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж,  тогтолцооны өөрчлөлтийг тууштай дэмжиж буйгаа бататгасан юм. 
 Түүнчлэн тогтолцооны өөрчлөлтийн тухай яриа ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж,  2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд болсон ҮАБЗ-ийн хурлаар тогтолцооны өөрчлөлт хийх асуудалд Төрийн гурван өндөрлөг санал нэгдэн,  Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, өөрчлөлт хийх нь Монгол Улсын ирээдүйн 30 жилийн тогтолцоонд сайнаар нөлөөлнө гэж үзсэн хэмээн  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байв.  

Тэгвэл тогтолцооны өөрчлөлтийг хийх санал санаачлагыг 2022 оны дунд үед буюу тавдугаар сард ХҮН-аас гаргаж байсан удаатай.  Тэд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдээс гарын үсэг цуглуулсан.   Тус намаас  долоо хоногийн дотор 100 гаруй мянган иргэний гарын үсгийг цуглуулж, парламентад хүргүүлсэн байдаг.  ХҮН-ын дарга,  УИХ-ын гишүүн Т.Доржханд "Иргэд дараагийн30 жилийн хугацаанд дахин ийм амьдралыг хүсэж байсан уу гэж асуухад гараа өргөхгүй байна. 30 жил гэдэг бол хүний амьдралын нэг үе. 30 жилийн хугацаанд хөгжсөн улс орнууд маш их байдаг. Тухайлбал,  БНСУ 25 жилийн хугацаанд хөгжсөн байдаг. 1961 онд Солонгос улс хөгжлөөрөө Ази тивдээ сүүлчээсээ хоёрдугаарт ордог байсан. Гэтэл өнөөдөр эдийн засаг нь 10 дахин өсчээ. Иймээс Монголын 100 мянган иргэн хөгжлийн төлөө тогтолцооны өөрчлөлтийг хийхийг дэмжиж гарын үсэг зурсан” гэж байв.    

Ингээд үүний дараа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн.  Парламент их, бага танхимтай байх, гишүүдийн тоог 100, 108 болгох тухай маргаан ч гарч байв. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ч Үндсэн хуулийн цэц дээр очсон. Гэвч цэцээс УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж, зөвхөн “Давхар дээл”-ний маргаанд цэг хатгаж шийдвэрлэсэн.   Парламент цэцээс гаргасан шийдвэрийн дагуу Үндсэн хуулийг өөрчилж,  Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан билээ.    Харин гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай парламент байгуулах асуудал тэгсхийгээд намжсан байдаг.   

2022 оны төгсгөлд зөвхөн Төрийн ордны гаднаас биш Төрийн ордон дотор ч тогтолцооны шинэчлэлийн асуудал яригдаж эхэлсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татсан жил болж байна.  Тэгвэл ямар өөрчлөлт хийх вэ.  Улс төрийн намууд янз бүрийн байр суурь илэрхийлж байна.  Тухайлбал,  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022 оны тавдугаар сарын 30-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт нь тодорхой хэмжээний хэлэлцүүлгүүд хийж, өмнөх өөрчлөлтөөсөө илүү байсан. Гэхдээ дутуу зүйлс байсан. Улс төрийн үл ойлголцлоос болоод өөрчлөлтүүд хийгддэггүй. Зайлшгүй шаардлага байгаа бол ард иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой.  Эрх баригч намын хувь бид хөгжих замын гацаа болохгүй. Бид өнөөдөр парламентын засаглалтай тулдаа бид өнөөдөр амьсгалах агаартай байна гэж шууд хэлж болно. Гэхдээ 76 гэдэг тоо хангалттай юу, үгүй юу. Хэчнээн гишүүнд нөлөөлөл үзүүлж болох юм бэ гээд нөлөөлөлд орох өнцгөөс нь харвал маш хэврэг. Тэгэхээр улс төрийн намуудын ярьж байгаачлан парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоог оруулах нь парламентын ардчилсан тогтолцоогоо хадгалах боломж гэж бид харж байна” гэсэн байдаг. 

АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэ сарын 6-нд хийсэн мэдэгдэлдээ,  Тогтолцооны өөрчлөлт, парламентыг төгөлдөршүүлэх нь АН-ын түүхэн байр суурь байсаар ирсэн. Гэхдээ шууд парламентын ардчиллыг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хууль өөрчлөх гэх мэт асуудал руу орох нь цаг хугацааны хувьд зөв үү гэдэгт эргэлзэж байна гэжээ. 

Дээрх бүхнээс дүгнэхэд 2023 онд  Үндсэн хуулийг тогтолцоо талаас нь өөрчлөх асуудал яригдах бололтой. Мөн УИХ-ын гишүүдийн тоог, нэмж, хоёр танхимтай парламент байгуулах тухай хэлэлцүүлэг өргөн хүрээнд өрнөх байх.  АНУ-ын Үндсэн хуулийг тухайн үед боловсруулж байсан судлаач, улстөрч “Парламент бол хүссэн хүсээгүй ард түмнээс сонгогдсон төлөөлөл байдаг учраас хүчтэй байдаг” гэж тодорхойлсон байдаг.  Мөн парламент хоёр танхимтай байж ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг, парламентын гишүүн хариуцлага хүлээдэг тогтолцоо олон улсад сонгодог парламентын нүүр царай болж байна.   Тэр утгаараа тогтолцоогоо өөрчилье гэж байгаа бол хоёр танхимтай болж, нэг нь Засгийн газраа байгуулж нөгөөх нь баталсан хуулиа хянадаг, засдаг өөрчилдөг, хууль батлахдаа хоорондоо зөвшилцдөг тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэдгийг улс төр судлаачид хэлж байна.  Ямартай ч 2023 оны эхнээс төрийн  тогтолцооны өөрчлөлтийн асуудал улс төр, нийгмийн хүрээнд нэлээд яригдах бололтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 251 (6983)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn