БОУАӨЯ: Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, 6 баавгайг агнасан

11

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн амны Бурхант хошуунд өнгөрсөн шөнийн 01:00 цагийн орчимд хүрэн баавгай айлын гэр рүү халдсан ноцтой хэрэг гарсан. Халдлагын улмаас 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, хамт байсан эмэгтэй хүнд гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд /ГССҮТ/ хүргэгдэн эмчлүүлж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ.

БОУАӨЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Н.БАЛЖИННЯМ:
-2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 11 аймаг, нийслэл болон тусгай хамгаалалттай бүс нутгуудад баавгай орж ирсэн 745 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс Архангай долоо, Баян-Өлгий хоёр, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна. Амьтад нэг газраа удаа дараа давтамжтай орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд суурьшлын бүс рүү голдуу бамбарууш болон бамбараа дагуулсан эвш /эм баавгай/ нэвтрэх нь элбэг байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн учруулж буй эрсдэл, хохирлыг бууруулахаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Үүний хүрээнд Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Энэхүү санхүүжилтээр зэрлэг амьтныг унтуулагч зүү шидэгч буу худалдан авахаар Тендерийн хуулийн дагуу зарлуулсан бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй албан хаагчдын шатахууны зардлыг давхар шийдвэрлэлээ. Түүнчлэн орон нутгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар болон холбогдох албаныхантай хамтран ажиллаж, баавгай үзэгдсэн бүс нутгийн иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж байна. Амьтны тухай хуулийн 35.1 болон Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг үндэслэн, зайлшгүй тохиолдолд баавгайг агнах зөвшөөрлийг хуулийн дагуу олгож байна.
Өнөөдрийн байдлаар найман аймагт 27 зөвшөөрөл олгосноос зургаан баавгайг агнасан мэдээлэл ирсэн.
Агнасан баавгайн мах, эд эрхтэнд судалгаа шинжилгээний байгууллага болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран шинжилгээ хийсэн. Амьтны тухай хуулиар баавгайд зөвшөөрөл олгодог шалтгаан нь уг амьтан Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад багтдагтай холбоотой юм. Монгол Улс хамгийн сүүлд 1986 онд баавгайн нэгдсэн тооллого хийж байсан бөгөөд цаашид зэрлэг амьтныг тоолох ажлыг холбогдох Зэрлэг ан амьтан хамгаалах хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.
Статистик мэдээллээс үзэхэд 2018 онд баавгай үзэгдсэн хоёр удаагийн, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2026 онд нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн тоо огцом өсөж, 28-д хүрсэн байна. Үүнээс 24 дуудлага нь бодит байсан бол үлдсэн дөрөв нь хуурамч буюу хиймэл оюун ухаанаар AI бүтээсэн зураг ашиглан өгсөн зөрүүтэй мэдээлэл болох нь тогтоогджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn