Д.Нэмэхбаяр: Ус ашигласны төлбөрийн орлогыг хуулийн дагуу зарцуулахгүй байна

825



Булган/МОНЦАМЭ/.Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Нэмэхбаяртай уулзаж, усны нөөц, рашаан, ус ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтын  талаар ярилцлаа.

-Усны тооллого хийдэг. Усны нөөц ямар байна вэ?

-Манай аймгийн усны нөөцийн 96,9 хувийг гадаргын ус, 3,1 хувийг газрын доорх ус эзэлдэг. Нийтдээ 500 гол, горхи байгаагийн 447 нь устай байна. Мөн 756 булаг шандны 629 нь устай, 127 нь усгүй байгаа юм. Нуур 143 байдаг. Түүний зургаа нь усгүй болсон. Рашаан бүгд ундаргатай байгаа. Нийтдээ 68 рашаан тоологдсон. Жилдээ 42,0 сая шоометр ус хэрэглэдэг гэж үздэг. Түүний 70 орчим хувийг газрын доорх, үлдэх хэсгийг гадаргын усны нөөцөөс хангаж байна.

-Усны нөөцийг хамгаалах талаар ямар ажил хийж байна вэ?

-2013 оноос хойш 158 булаг шандны эхийг хашиж хамгааллаа. Дашинчилэн, Рашаант, Могод, Сайхан суманд хөв цөөрөм байгуулаа. Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын захираадтай хамтран хэрэгжүүлж байна. Хүн ам, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлж 45 худаг гаргасан. Мөн 22 худагт цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан. Усан сан бүхий газрын хамгаалалтын бүст 480 ширхэг тэмдэг тавьлаа. Хануй, Цагаан голын рашааныг хамгаалахад 245,0 сая төгрөг зарцуулаад байна. Усан хангамж, ариутгах татуургын байгууламж, үерийн далан барих, ой, ургамал, амьтан, газар, газрын хэвлийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг ус ашигласны төлбөрийн орлогоор хийж байна.

-Ус ашигласны төлбөрийн орлогоос тодорхой хувийг усны нөөцийг хамгаалахад зарцуулахаар хуульчилсан. Энэ шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа бол?

-Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын 35 хувийг усны нөөцийг хамаалах, усан хангамж, ариутгах татуургын байгууламж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хууль, журамтай. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын 35,0 хувийг зарцуулахаар” заасан. Харамсалтай нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах зөрчил жил бүр давтагдсаар байна. Үүнээс шалтгаалан усны нөөцтэй холбоотой асуудлууд шийдэгдэхгүй байгаа.

Сумдын усны нөөцийг тогтоож, шинжлэх ухааны үндэстэй ашиглах нөхцөл бүрдэхгүй байна. Рашааны орд газрын нөөц, рашааны найрлага тогтоох ажил хийгдээгүй. Худгийн эрүүл ахуйн шаардлага хангах арга хэмжээ дулимаг байгаа. Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм байгуулах ажил хангалтгүй байна. Төв суурин газрын усан хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх асуудлыг дорвитой шийдэж чадахгүй байгаа юм. Усны орлогыг хуульд заасан хэмжээгээр төсөвт тусган хэрэгжүүлбэл эдгээр ажил хийгдэнэ гэж үзэж байна.

-Жилд ямар хэмжээний орлого усны нөөц ашигласны төлбөрөөс аймгийн төсөвт оруулдаг вэ?

-2016-2019 онд 11,7-16,1 тэрбум  төгрөгийг ус ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлэн төсөвт оруулсан. Энэ жил 14,3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn