С.Ганбаатар: Байнгын хяналтын пост гэмт хэрэг буурахад нөлөөллөө

667

Булган аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбаатартай уулзаж ярилцлаа.


-  Гэмт  хэргийн илрүүлэлт ямар түвшинд байна вэ?

- Аймгийн хэмжээнд 2020 онд 349 гэмт хэрэг гарсан бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийн 251 нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан. Үүнээс 131 гэмт хэргийг илрүүлснээр хэргийн илрүүлэлт 2020 онд 52.2 хувьтай байна. Өмнөх онтой харьцуулахад ижил түвшинд байгаа юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татсанаар тухайн гэмт хэргийг илрүүлсэнд тооцож байгаа. Гэмт этгээдийг тогтоосон боловч яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгээгүй бол хэргийг илрүүлсэн гэж үздэггүй учир хэрэг бүртгэлтийн шатанд зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 51.9 хувьтай байгаа. Манай аймгийн хувьд гэмт хэргийн илрүүлэлт улсын дундажтай ойролцоо түвшинд байна гэсэн үг.

- Гэмт хэргийн гаралт буурлаа. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлийг юу гэж дүгнэж байна вэ?

- Өнгөрсөн онд гэмт хэрэг өмнөх жилээс 24,0 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Дэлхий нийтэд тархсан “Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед манай аймагт хяналт шалгалтын пост олон цэгт ажиллаж байгаа нь гэмт хэргийн гаралт буурахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнээс гадна аймгийн цагдаагийн газар гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан нь мөн үр дүнгээ өгч, хэргийн гаралт буурахад нөлөөллөө.

- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг манай аймагт нэлээд гардаг. Экологийн цагдаагийн албатай болсон. Ажлын үр дүн ямар байна вэ?

- Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулсан. Цагдаагийн газарт нийт 6 орон тоо буюу эрүүгийн ахлах мөрдөгч нэг, мөрдөгч нэг, мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж болзошгүй Бүрэгхангай, Хангал, Хутаг-Өндөр, Тэшиг суманд тус бүр экологийн байцаагчийн нэг орон тоо нэмэгдсэн байгаа.

Аймгийн нутагт үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд онцгой анхаарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Улсын хэмжээнд зохион явуулсан “Байгалиа хамгаалъя”, “Нөхөн сэргээлт 2020”, “Бодис-2020”, “Загас хамгаалал”, “Анчин”, “Байгаль эн тэргүүнд”, “Цэнхэр алт усаа хайрлая”,“Ногоон дуу хоолой”, “Ой модоо хайрлая”, "Ирлээ, Явлаа, Цэвэр” зэрэг арга хэмжээг аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж, зохих үр дүнгээ өгсөн.

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын алба хаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 4 чиглэлд хяналт шалгалт зохион байгуулж мод, модон материал бэлтгэн борлуулдаг 13 аж ахуйн нэгж, алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаанайман нөхөрлөл, нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж таван зөрчил, загас агнасан нэг зөрчил, хууль бусаар ашигт малтмал олборлосон нэг гэмт хэрэг, хууль бусаар мод бэлтгэсэн 2 гэмт хэргийг илрүүлсэн.

“Нөхөн сэргээлт 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагатай хамтран Бүрэгхангай, Орхон, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Бугат, Сэлэнгэ, Тэшиг суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, нөхөрлөлийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрын нөхөн сэргээлтийн байдалтай танилцаж, судалгааг гаргасан. Экологийн асуудал хариуцсан байцаагч нар биечлэн хяналт тавьж ажилласны үр дүнд 250,6 га талбайд нөхөн сэргээлт хийснээс 100,6 га талбайд биологийн, 150,1 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг тус тус хийлгээд байна.

2020 онд цагдаагийн алба хаагчдаас хүрээлэн буй орчны эсрэг 51 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн буруутай хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохоор шалгалтын ажлыг зохион явуулсан. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 2019 оныхоос таваар буюу 13.5 хувиар буурсан.

- Хяналт, шалгалтын пост тогтмол ажиллаж байгаа учраас малын хулгай бага байна гэж үзэх хүмүүс байна. Малын хулгайтай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд өмнөх жилээс 65-аар буюу 55.6 хувиар буурсан. Ер нь хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Малын хулгайн гэмт хэргийг бууруулахад улсын хэмжээнд зохион явуулсан “Мал мах” нэгдсэн арга хэмжээг 2020 оны намар 45 хоногийн хугацаатай зохион явуулсан нь ач холбогдолтой боллоо.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мал сүргийг хамгаалах зорилгоор байгуулсан малчид, мал бүхий иргэдийн сайн дурын бүлгийн үйл ажиллагааг дэмжин, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн хамтран ажиллалаа. Мал хулгайлах гэмт хэрэг гарч болзошгүй газруудад малчдын сайн дурын бүлгийн гишүүдийг эргүүл шалгалтад тогтмол гаргалаа. 

Мал, мах, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журмын биелэлтэд тавих хяналтыг сайжруулж албахаагчдадwww.сet.certificate.mn,www.esearch.police.govпрограммыг ашиглах талаар заавар, зөвлөмж өглөө. Цагдаагийн газрын алба хаагчид мал эмнэлгийн цахим программыг ашиглаж хэвшсэн. 

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд 2020 оны 10 дугаар сард малчдын зөвлөгөөн зохион байгуулсан. 

        Мал, махын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд өдөр бүр хяналт тавьж, гарал үүслийн цахим гэрчилгээ бичиж олгоход аймгийн мал эмнэлгийн газрын дарга болон бусад мэргэжилтэн нарын тусламж дэмжлэгийг авч хамтран ажиллаж байна. Ингэснээр малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч байна.

-Ярилцсанд баярлалаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn