“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-аар Завхан аймгийн 5000 гаруй иргэн үзлэг оношилгоонд хамрагдлаа

414


-Танд ямар зовиур илэрч байна?
-Даралт ихэсдэг. Зарим үед бүр 170 хүрнэ. Толгой эргэнэ, гар чичрээд салгалаад байдаг.
-Одоо таны даралт 130/90-тэй байна. Тамхи татдаг уу?
-20 гаруй жил татаж байна. Өдөртөө заримдаа хайрцаг тамхи татчихдаг.
-Архи хэрэглэдэг үү?
-Үгүй, элэгний вирустэй болохоор уудаггүй.
-Хамаатан садан дунд чинь даралт ихэсдэг хүн бий юү?
-Төрсөн эгч минь харвасан, даралт нь ихэсдэг байсан. Ээж бас даралт нь ихэсдэг хүн байсан.
-Даралтны эм тогтмол уудаг уу? Ямар эм уудаг вэ?
-Өдөр тутам биш, хааяа нэг уудаг. Нэрийг нь сайн санахгүй байна. Ноднин намраас л ингээд даралт ихэсдэг болчихлоо.
-Танд удамшил байна, дээр нь тамхины хэрэглээ маш өндөр байна. Тамхинаас гарах хэрэгтэй. Эмээ тогтмол ууж, даралтаа байнга хянаж, 130/80-аас доош байлгана. Хүнд ажил хийсэн, эсвэл ачаалал авсан үедээ 30 минутын дараа даралтаа үзэх хэрэгтэй шүү. Таны хувьд яг энэ хэвээрээ тоохгүй явах юм бол харвах, саажилттай болох, магадгүй үхэлд хүргэх ч аюултай. Тиймээс та даралтаа хяналтандаа байлгахын тулд эмээ тогтмол уух хэрэгтэй. Энэ бичиж өгсөн эмнүүдийг уугаарай.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийн зүрхний эмч, Завхан аймгийн Тэлмэн сумын малчин, 46 настай иргэн Э нарын хооронд ийм яриа өрнөсөн. Түүн шиг цусны даралт нь байнга ихэсдэг, эрсдэлтэй үедээ яваа, хянахаас аргагүй нөхцөл байдалд очсон хүн үзлэгийн үеэр олон байлаа. Даралт ихсэх өвчин удамшдаг тул ойрын хүмүүс дунд нь энэ төрлийн өвчтэй хүн байдаг эсэхийг анзаарах, өөх тос, архи тамхины хэтийдсэн хэрэглээ, таргалалт, стресс зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, даралтаа тогтмол хянах нь чухал зэрэг хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг эмч нар өгч байв.
Өндөрлөг уулын бүсэд оршдог баруун аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл улсын дунджаас өндөрт тооцогддог юм байна. Тэр тусмаа зүрх судасны өвчний нас баралтын тоон үзүүлэлтээр Завхан аймаг тэргүүлж байгааг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы үеэр эмч нар онцолж байлаа. Энэ сарын 20-23-нд тус аймагт хэрэгжүүлсэн аяны үр дүнд Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд 1600 гаруй хүн хамрагдсан бол давхардсан тоогоор 3500 орчим иргэн эрт илрүүлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж, эрсдэлийн үнэлгээ хийлгээн байна. Мөн энэ үеэр НЭМҮТ-ийн мэргэжилтэн, судлаачид цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт, мэдээлэл зөвлөгөө өгч, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийсэн юм.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран 15 дахь аймагтаа ийнхүү амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр дараагийн зогсоол болох Говь-Алтай аймгийн зүг аяны багийнхан хүлгийн жолоо залж байна.

Г.Ганчимэг: Сэхээний тасагт эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 80-90 хувь нь тархины цус харвалттай
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Ганчимэгийн ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Танай аймгийн хувьд зүрх судасны өвчлөлийн үзүүлэлт, нас баралтын тоо өндөр байгаа нь юутай холбоотой байна вэ?
-Өндөр уулархаг газар нутагт оршдог, нийслэлээс 1100 гаруй км хол, дээр нь иргэдийн дунд давс, өөх тосны хэрэглээ их өндөр байдаг нь нөлөөлдөг байх магадлалтай. Манай хойд талын сумдын иргэд давс ихтэй, шорвогдуу цай уудаг. Өөх тосны хэрэглээ бас өндөр. Нийслэлээс алслагдмал учраас өвчтөн зүрхний шигдээс болоод ирсэн тохиолдолд хот руу тээвэрлэх асуудал хүнд байдаг. Манай аймагт хоёр жил гаруй онгоц буусангүй, саяхнаас харин сэргэлээ. Өвчтөн оношлогдсон тохиолдолд 1000 гаруй км 12-13 цаг машинаар явж, Улаанбаатарт хүрдэг. Хүнд өвчтэй хүн авч яваа учраас эмч сувилагчийн хяналтанд тусгай машинаар тээвэрлэнэ. Мөн манай аймагт мэргэжлийн эмч дутагдалтай, хүний нөөцийн хомсдол бий. Зүрхний хоёр эмчтэй байсан, нэг нь дарга болчихсон. Нэг эмч маань маш их ачаалалтай ажиллаж байна. Ер нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа тархины харвалт манай аймагт өндөр. Сэхээний тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн 80-90 хувь нь тархины харвалттай байна.

-Насны хувьд ямар байна вэ?
-Нас бол ер нь залуужиж байна. Доод тал нь 25-тай, түүнээс дээш насныхан. Сүүлийн үедтархины цүлхэн, тархины судасны гажигууд их оношлогдох болсон. Залуучуудын хувьд тархины цүлхэн хагарч, харвалт болж их ирж байна. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийн эмч нарын хэлж байгаагаар өндөр уулархаг газар байдаг учраас иргэдийн цус маш их өтгөрөлттэй, үүнээс болж тархины харвалт их тохиолдож байгааг онцолсон. Сүүлийн үеийн шинжилгээгээр эрэгтэй хүмүүсийн хувьд ялангуяа цусны өтгөрөл их өндөр байна.

-Тархины харвалт болж ирж байгаа хүмүүс хөдөө сумдаас ирж байна уу, эсвэл аймгийн төвөөс үү?
-Ихэвчлэн хөдөөний хүмүүсголдуу байна. Даралтаа хянаж мэдэхгүй, эмээ уудаггүй, хайнга явж байгаад хүндрүүлдэг. Эрүүл мэндийн мэдлэг боловсрол дутмаг байдал анзаарагддаг. Манай Сэхээний тасагт саяхан Шилүүстэй сумаас 67 настай нэг эмэгтэй хүн тархиндаа цус харвалттай ухаангүй ирсэн. Өнөөдрөөс ухаан санаа нь сэргэж биеийн байдал нь дээрдэн, мэдрэлийн тасаг руу шилжүүллээ. Тархины цус харвалт 2 янз байдаг. Нэг нь судас бөглөрөөд тархиныцусан хангамж алдагдсанаас болж харвалт үүсдэг. Нөгөө нь судас хагараад харвадаг. Энэ эмэгтэйн хувьд цусны өтгөрлөөс болж харвасан. Бөөрний архаг дутагдалтай эмчлэгдэж байна. Даралт нь байнга ихэсдэг ч эмээ тогтмол уудаггүй, даралтаа хянахгүй байснаас болж мөн харвасан.

Нөгөө талаар хөдөөгийн сумдад тогтвор суурьшилтай ажиллах эмч боловсон хүчин бас ховор, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр дутмаг байдаг. Явуулын эмч нар очоод нэг хоёр жил ажиллаад яваад өгдөг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn