Н.Номтойбаяр: "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя"
Эрдэм ном, эдийн засгаараа баян хүчирхэг байхыг хүсэгч Монголчуудаа, "Мөнх тэнгэрийн хүчин дор эвийг хичээж, хүчийг нэгтгэвээс бүтэхгүй зүйл гэж үгүй" хэмээх өвөг дээдсийнхэлсэн үгийг сэргээн санаж, Номт овогт Нямтайширын Номтойбаяр миний бие Үндэсний эвслийн тэргүүнээр сонгогдсоны хувьд, энэхүү индрээс үүрэг, хариуцлагаа хичээнгүйлэн гүйцэтгэхдээ баримтлах итгэл үнэмшил, үзэл бодлоо Та бүхэнтэй хуваалцъя.
Би Монгол хэмээх нэрийг “эвсэх хүч” гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг. Монголчууд бид “эвсэх хүч”-тэй байхдаа гарал үүсэл, газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээсангид их гүрэн байгуулж, нэг хууль цаазын дор, амар амгалан нэгэн айл болгон төвшитгөх агуу их манлайллыг бүтээжбайсан түүхтэй.
Харамсалтай нь өнөөдрийн Монгол манлайлах байтугай өрөөлд дээрэлхүүлж, хойш урагш хяламхийн хардаг, гаднаа хямралтай, дотроо айдастай болжээ. Монголчууд бидний санаа, хараа хоёр өнгөрснийг тойрон эргэж, “Бид цагтаа ялагдашгүй хүчирхэг байсан. Гэтэл өнөөдөр… ” хэмээн санаа алдахаас цаашгүй болжээ. Монгол орон өдрөөс өдөрт уруудан доройтож, Монголчууд маань гутрал, бухимдалдаа гандаж, ирээдүйдээ итгэл алдаран цөхрөх боллоо.
Үүний учир шалтгаан нь ердөө шунал л юм. Үе үеийн улстөрд бие биенээ үл тэвчиж, эрх мэдэл, албан тушаал, отго жинсний төлөөх талцал тэмцэл, атгаг санаа, атаа жөтөө,авилга хээл хахууль гээд улстөр шуналд идэгдэж улмаар улстөр нь утга зорилго, эрх ашгийн эрэмбэ, удирдах чадамжаа алдаж гажуудсанд оршино.
Би ч мөн элэг нэгт монголчуудынхаа адил улстөр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаарханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна.
Тиймийн тулд бид хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсаныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улстөрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн, зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна.
Монголчууд бид зуун жилийн тэртээ коммунист Оросын нөлөөнд орж, тэдний тулгасан бичиг үсэг, үндсэн хууль, төрийн засаглал, эдийн засгийн тогтолцоог хүлээн авч хэрэгжүүлсэн нь түүхэн үнэн билээ. Энэ бүгдийг сөрөн зогссон Солийн Данзан лугаа адил Үндэсний ардчилсан үзэлтэй монгол хүн бүрийг коммунистууд мянга мянгаар нь хоморголон хорьсон, цөлсөн, цаазалсан. Үүний улмаас монголчууд айдсаар өвчилж, эх орноо харьд дагаар оруулах тунхаг бичиг өргөн барих гэж хоёронтоо оролдсон удирдагчхүртэл байсан.
Гэсэн хэдий ч 1990 онд тухайн үеийн Монголын коммунист удирдагчид эв эеийг эрхэмлэхийг удирдлага болгон ардчилал эрх чөлөөг хүсэгч залуучуудтайгааойлголцож, бүгд нэгдээд харийн нөлөөнөөс Монголоочөлөөлж чадсан.
Коммунист дэглэм унаж, яах учраа мэдэхгүй, ядуу зүдүү ч гэсэн монгол хүний язгуур сэтгэлгээнд хадгалагдаж байсан “Капиталист” ухаанаар ганзагын наймааны гараанаас зах зээлийн эдийн засгийн замналаа эхэлсэн. Олон ургальч улс төрийн үзэл нэвтэрч, улс төрд бодлогын өрсөлдөөн, мэтгэлцээний зөв зарчмын эхлэл мөн тавигдсан.
Харамсалтай нь, Монголчууд биднийг ардчилал бүтээх замналд, өмнөх нийгмийн коммунизмын ужигарсан үлдэгдэл, өнөө цагийн шуналтан нь улстөрч болж, төрд шургалсан ньбул хар чулуу болсноор ардчилал эрүүлээр бойжиж чадсангүй.
Эдийн засаг маань зах зээлийн замаар тууштай замнасангүй. Төр нь бизнесээс савраа татсангүй. Улс төрийн эрх мэдэл улсаа хөгжүүлэх биш, улс төрчдийн хөлжих хэрэгсэл болж завхрав. Өрсөлдөөн нь өс хонзогнол, мэтгэлцээн нь мөнхийн хэрүүл болов. Хүн ба нийгмийн хөгжил түгжрэлд оров.
Өнөөдрийн улс төрийн энэ завхрал Монголын Ардчилал, Эдийн засаг, Нийгмийг яаж хордуулж байгааг харъя.
Ардчилал бол иргэдийн гарт засаглах эрх байх, эрх мэдэл нэг талд төвлөрөхөөс хамгаалж, хууль тэгш үйлчилж, нийгэмд шударга ёс тогтож, хүний эрх хангагдаж, хөгжлийн суурь тавигддаг зүй тогтолтой.
Энэ зүй ёсны тогтлоороо бол Монголд ардчилалбайхгүй. Эрх мэдэл иргэдэд биш улс төрийн намын удирдах бүлэглэлд төвлөрсөн. Монголд хууль хүний царай хардаг. Төртөмөр нүүрээ үзүүлдэг “Ул”-ны тодотголтой доод нэгэндавхаргатай, төрийн нэрээр дургидаг “Улс төр”-ийн гэгдэхдээд нэгэн давхаргатай. Хүний эрх ч үйлчлэлийн хувьд царай харж, эрх бүхий даргад хайр, эрхгүй иргэдэд бол зайл гэдэг.
Шударга ёс гэх үнэтэй үгийг улс төрчид утгыг нь алдагдтал хэрэглэсэн. Иргэдийн хувьд ч энэ үгийн бодит хэрэгжилтийг хүлээсээр горьдлого тасарч, үгийн утга ньхямдарсан.
Эдийн засаг: Монголд өнөөдөр эдийн засаг ба нийгмийг холбосон эргэлт бүхий хөгжлийн цогц бодлого байхгүй, загварчлал байхгүй. Монголын эдийн засаг нэг талаасаа Коммунист ч юм шиг, нөгөө талаасаа Капиталист ч юм шиг, эсвэл эдийн засгийн тодорхой систем ердөөсөө ч байхгүй юм шиг.
Улстөрийн нам ба төрийн мэдэлд төсөв зарцуулах эрх, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн албаны томилгооны “далд эрх” байдаг учраас төсвөөс саах, төрийн өмчийг самрах, төрийн албыг зарах гээд улс төр нь өөрөө нэгэн төрлийн ашигтай бизнес болтлоо хөгжсөн. Улсын төсвийг “улс төрчдийг тэтгэх сан” гэж хэлэхэд хол зөрөхгүй. Улс төрийн намын гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр төрийн алба дарга нараар данхайж, бүрдсэн төсвийн дийлэнх ньтэднийг тэжээхэд зарцуулагддаг.
Улс төрчид төсвөө саагаад, төрийн өмчийг самраад, төрийн албыг зараад ч ханадаггүй. Тэд өөрсдийн зохиосон элдэв, хууль, журмаар халхалсан дарамт бүхий тусгай зөвшөөрөл, гарын үсэг гэх мэт үйлдэл, эс үйлдлээр хувийн хэвшлийг улс төрд “танил тал тохой татах”, улс төрчдийн нөмөр нөөлгөнд ивээгдэх, тэднийг авлигадах нөхцлийг бүрдүүлдэг.
Харин улстөрчид эдгээр муу бүхний шалтгааныг өөрсдөөсөө холдуулж, хувийн хэвшлийг “мөлжигч, шуналтан, дайсан” болгон олны өмнө цоллодог. Үүнд итгэхнь ч олон байдаг. Зөв зүй тогтлоороо бол улстөрчид, хувийн хэвшлийнхэн эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн төлөө эмээлийн хоёр бүүрэг лугаа хамтрагчид байх ёстой. Гэтэл үгүй. Улс орноо хөгжүүлэх эдийн засгийн бодлогын хувьд ч улс төрчид мэдлэгийн түвшингээрээ хувийн хэвшлээсээ хол хоцрогдсон. Харамсалтай нь, улстөрчид үүнийгээ мэддэг ч үгүй бөгөөд хувийн хэвшлийн үгийг ойшоож сонсдог ч үгүй.
Мөн залуучууд л залхуу, олигтой сурахгүй, хөдөлмөрлөхгүй байгаа учраас улс орны эдийн засаг хөгжихгүй байгаа мэт ярьдаг болсон. Бодит байдал дээрээ залуучууд эрсдэлтэй, аюулт нийгмийн эрсдэгч, чанаргүй боловсролын системийн хохирогч болж, хөдөлмөр нь үнэлэгддэггүй хөлсний боол байхыг хүсэхгүй байгаа учраас л гадагшаа зугтааж байна.
Үр дагаварт нь хувийн хэвшлийн хөдөлмөрөөр бүрддэг төсөв, улс төрчдийн гараар дамжихдаа аж үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт гэхчлэн эдийн засгаа эргээд тэлэх тогтолцоо алдагддаг.
Улс төрчдийн хулгайгаас үүдэлтэй эдийн засаг, нийгэмрүү чиглэсэн хөрөнгө оруулалтын дутагдал улсаа барьцаалсан гадаадын зээлээр нөхөгддөг. Тэр зээл нь зорилтод ёсоор ч зарцуулагддагүй, хулгайн замаар ордгийг бид бүгд мэднэ. Өртэй хүн өлмий дор гэгчээр барьцаалагдсан Монгол, “Хэний өлмий дор, хэзээ орох вэ” гэдэг асуулт,хариултаа нэхэх нь цаг хугацааны л асуудал.
Мөн Монголд улс төрийн нам тойрсон хэмжиж үл барах далд эдийн засаг бий болсон. Үр дагаварт нь хувийн хэвшлийн тэлэлт удааширч, төгрөгийн ханш суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь хувийн хэвшлийнхэн, цалин, тэтгэврийн орлоготой иргэдэд хүнд цохилт болдог.
Нийгмийн бодлого: Улс төр, эдийн засаг дахь хулгайгаасболж иргэдийн боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадавх болон амьдралын чанар доройтсон. Хүнийг төрийн бодлогын төвд байлгана гэсэн лоозон нь байгаа болохоос, бодлого нь манай төрд байхгүй.
Өнөөдөр чадварлаг багш болон төгсөгч бэлтгэх боловсролын тогтолцоо зах зээлийн зарчмаас хол хоцорч,нийгэм бүхэлдээ хохирогчид болсон. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, дипломтой залуучууд ажилгүйчүүдийн дийлэнх хувийг эзэлж байхад,хувийн хэвшил чадварлаг боловсон хүчний асар их дутагдалд орсон.
Ажил хийгээд ч ашиггүй болсон. Ажил хийхэд гардаг сарын зардал нь сарын орлого болох цалингаасаа хол давсан. Улмаар цалин багатай багш, эмч, цагдаа, онцгой байдлынхан гээд төрийн албаныхан мөнгөний дутагдалд орсноор цалингаа барьцаалж банкнаас, ээмэг, бөгж, хөөрөг, гар утсаа барьцаалж ломбарднаас тус тус зээл авдаг. Эцэст нь энэ бүгдийг төлөх гэж хилийн чанадад хар ажил хийдэг.
Монголд зээлгүй, санхүүгийн дарамтанд ороогүй хүн улстөрчдөөс өөр байхгүй.
Халамж нэг талдаа хөдөлмөр эрхлэлтийн бодлогын эсрэг хэрэгждэг, нөгөө талдаа улс төрчид эрх мэдэлдээ тогтож үлдэхийн тулд иргэдийг хахуульддаг систем болсон. Үр дагаварт нь нийгэмд ядуурал, төрд ядруу улстөрчид сонгогдох болсон.
Эрүүл мэндийн салбар мөн л зах зээлийн хөгжлийн зарчмаас хол хоцорсон. Нэг цэгийн тогтолцоо бүхий цогц үйлчилгээ улсын эмнэлэгүүдэд нэвтрээгүй ба эмнэлэгээр үйлчлүүлнэ гэдэг асар их чирэгдэлтэй. Эрүүл мэндийн салбар хүний төлөөх эмч нарын сэтгэл, гадаад дотоодын хандив тусламж болон хувийн хэдэн эмнэлэг дээр л тогтож байна. Эрүүл мэндийн чадавх, үйлчилгээ, нөхцөл байдалд иргэд найдах аргагүй болж, мөнгөтэй нь гадагшаа явж, мөнгөгүй ньөвдөөд үлддэг.
Цалингаас суутгагдах шимтгэлүүд ирээдүйд үр шимээ өгөх нь баталгаагүй болж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сан үйлчлэлийн хувьд ч аргацаасан болдог.
Ер нь нийгмийн даатгалын сангаас эхлээд төрийн бүх саннохойн замаар орсон.
Ийнхүү улс төрчдийн хувьд ардчиллын зүй тогтол, эдийн засаг, нийгмийн асуудлууд хөсөр хаягдсан учраас иргэд, хувийн хэвшил хөдөлмөр, санхүүгийн мөлжлөгийнтогтолцоонд орсон.
Бид хүн л болсон хойно хүсэл, мөрөөдөл тээнэ. Харин түүнийгээ гадаад улс орноос л атаархан харна. “Бид бусад шиг яагаад хөгжиж болдоггүй юм бол?” гэх зарчмын асуултыг өөр хоорондоо ярилцдаг, хамтдаа гасалдаг.
Өмнөд Солонгос, Сингапур, Израил, Арабын орнууд, Герман зэрэг улсууд хөгжилд хүрсний үндэс нь ердөө шилдгээ улс төрд илгээж, тэдгээрээс холч оновчтой бодлого гарч, бодлогынхоо хүрээнд хүүхэд залуучууддаа шилдэг боловсролыг, хувийн хэвшилдээ эрх чөлөөг олгосонд л байгаа юм. Эдгээр улс орны 30 жилийн дотор амжуулж чадсаныг,1990 оны Ардчилсан хувьсгалаас хойшхи Монголыг шинээр төрсөн гэж үзээд, өөрсдийнхөө амжуулсантай харьцуулахад дэндүү харамсалтай.
Бусадтай харьцуулахад монгол хүний оюуны чадамж илүү юу гэхээс дутуугүй. Английн Оксфордын нэгэн суутан “Монголчууд 14 мянган морин цэргээр харийн 200 мянган морьт цэргийг төвөггүй ялж байсан шалтгаан нь Монголчууд зөвхөн цэрэг стратегийн хувьд мундагтаа биш одон орон судлал, математик, шинжлэх ухаанд гаргууд нэвтэрсэндээбайсан” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
13-р зууны Монголын Ил хаадын үеэс Иранд “Марагэ” хэмээх дэлхийн их сургуулийг, Прото-Ардчилсан засаглал бүхий өнөөгийн парламентыг, Пакс-Монголика буюу эв эеийг эрхэмлэх өнөөдрийн НҮБ адил байгууллагыг, Капитализм буюу чөлөөт зах зээлийг цогцлоож байв. Түүнчлэн анхны гоёл чимэглэлт барилга байгууламжийг, Монголын хаан, хатдын хувцас, гоёл эдлэлийг Европчууд шагшин дуурайж, “хааны дайтай” болох хүсэл Европ даяар дэлгэрч байсан түүхтэй.
Монголчууд эвтэй, хүчтэй байх үеийн чадамж ийм л хүчтэй.
Өнөөдөр цөөн хэдий ч монгол хүний чадамж гайхагдсан хэвээр. Тухайлбал, Монгол залуус хиймэл оюун ухаан зохион бүтээх, хүний биед хорт хавдар үүсэхээс өмнөх шинж тэмдэгийг тогтоох туяа судлах зэрэг эрдэм шинжилгээний ажлыг нэр хүнд бүхий гадаадын их сургууль, шинжлэх ухааны байгууллагуудад хийж байна. Монголын залуус сансарт өөрсдийн зохион бүтээсэн хиймэл дагуулаа хөөргөхөөөр бэлтгэж байна. Хувийн хэвшлийнхэн дэлхийн бизнесийн томчуудтай эн зэрэгцэн ширээний ард суух мэдлэг чадамжтайч болж байна.
Монгол эвсэж, хүчээ нэгтгэж асах, унтрахын зааг дээр байгаа цучил дээр хэт цахиур цохиж, хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Гагцхүү Монголчууд бид хөгжье, баяжъя гэх нэгэн зорилго дор эв, хүчийг нэгтгэж, Үндэсний эвслийг шүүмж, зөвлөмжөөр дэмжихийг уриалж байна.
Би илтгэлийнхээ эхэнд, Монголчуудаа эрдэм ном, эдийн засгаараа баян хүчирхэг байлгах хүслээ, цөхөрч ядарсаныг өмөөрөн хамгаалахаа, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарахаа, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэхээ, улстөрийн намуудын чадахгүйг чадна хэмээн зориг шулуудсанаа ч хэлсэн. Иймээс:
Үндэсний эвсэл нь улстөрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй,итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна.
Үндэсний эвсэл нь “үндэсний ардчилсан” үзэл баримтлалтай, “эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх”зарчимтай, “нэг улс төрч, мянган мэргэжилтэн” боловсон хүчний бодлоготой.
Үндэсний эвсэл нь хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан, автоматжуулалт гэх мэт технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулахыг эрмэлзэнэ.
Үндэсний эвсэл нь монголчууд бидний өнөөдөртөө чадахгүйг чаддаг гадаадын мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, тэдгээрээс суралцах бодлого барина. Тухайлбал, Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлуудыг дангаар цэгцэлж чадахгүй тул ногоон бодлоготой метрополис хот удирдах туршлага бүхий гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
Үндэсний эвсэл нь гадаадад байгаа монголчуудтайгаа эргэх холбоог үүсгэж, монгол угсаатны хүрээлэлд нөхөрлөл болон эдийн засгийн хамтын ажиллагаагаар хүчирхэгжсэн, дэлхийд үнэлэгдэж, хүндлэгдсэн Монголчууд байхын төлөө манлайлна.
Үндэсний эвсэл нь хүний эрхийг тэгш дээдлэх эрх зүйн шинэчлэлд тэмүүлнэ.
Үндэсний эвсэл нь Ерөнхийлөгчийн гадаад болон ногоон бодлогыг тууштай дэмжигч, хамтрагч нь байна.
Үндэсний эвсэл нь авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй” тул “Овоог нь ул мөргүй устгаж” тэмцэнэ. Монголын Авлигачдын Нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэнэ.
Үндэсний эвсэл нь Ардчилал бол АН-ын дангаар эзэмших үзэл биш гэж үзэх бөгөөд Ардчиллыг засах, хөрсийг сэргээн ариутгах үйлсэд АН-тай хамтран ажиллана.
Үндэсний эвсэл нь Монгол, Монгол хүний төлөө хийж бүтээе, хамтаръя гэсэн чөтгөртэй ч анд болно. Харин Монголоо зарж, Монголоосоо завшиж, Монголчуудаа золигт гаргах гэсэн бурхантай ч дайсагнана.
Үндэсний эвсэл нь “Улс төрийг эрүүлжүүлэх” үйлсэд улстөрийн намуудыг бидэнтэй эвсэж, хүчээ нэгтгэхийг уриалж байна.
Үндэсний эвсэл нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя” их үйлсэд иргэд, мэргэд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН.
Монголын улстөрд хэт цахиур цохих Үндэсний эвсэл.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот
2024.01.29