"Нядалгаа"-г ногоон гэрлээр зөвшөөрснийг эсэргүүцэж байна!
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурваст гал зогсоох асуудлаар санал хураасан. Алжирын санаачилсан гал зогсоох тогтоолд Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны 13 нь дэмжсэн санал өгсөн. АНУ тогтоолын төсөлд хориг тавьсан бол Их Британи түдгэлзсэн хариу өгсөн байна.
Зөвлөлийн дүрмийн дагуу байнгын таван гишүүний аль нэг нь хориг тавьсан тохиолдолд тухайн тогтоолыг шууд хүчингүй болгодог.
АНУ оронд нь Газын зурваст түр хугацаагаар гал зогсоох тухай тогтоолын төслийг санал болгосон байна. Тус тогтоолын төсөлд Рафах хот руу довтлохгүй байхыг Израилиас хүсчээ. Мөн барьцааны бүх хүнийг суллах, Газад тусламж үзүүлэхэд учирч буй саад бэрхшээлийг арилгах гэсэн хүчин зүйлс тогтоолын төсөлд багтсан.
Израилийн талын мэдэгдсэнээр өдгөө Хамасын барьцаанд 130 хүн байна.
Рафах хотод хуурай замаар довтлох нь энгийн иргэдэд илүү их хохирол учруулж, хөрш зэргэлдээ орнууд руу мөргөлдөөнийг халиах эрсдэлтэй гэж АНУ үзэж байна. Египеттэй хиллэдэг Рафах хотод мөргөлдөөнөөс өмнө ердөө 250 мянган хүн амьдардаг байжээ. Өдгөө нэг сая гаруй палестин дүрвэгч Рафах хотод орогнож байна. Тэдний олонх нь ундны ус, хоол хүнсний хүрэлцээ муутай нөхцөлд түр хоргодох байр, майханд амьдарч байна.
Израилийн арми тус хотод ажиллагаа эхлүүлбэл олон мянган палестин хүн Египет рүү нэвтрэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг Египет болон Арабын орнууд удаа дараалан анхааруулсан.
ЭЛЧИН САЙДУУДЫН БАЙР СУУРЬ
НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд хэлэхдээ "Хамас болон Израилийн хооронд хэлэлцээр үргэлжилж байгаа энэ үед нэн даруй гал зогсоохыг уриалах нь тийм ч зөв цаг биш. Уг санал нь дипломат хэлэлцээнд саад учруулна" гэжээ.
АНУ-ын хоригтой холбоотойгоор НҮБ дахь элч төлөөлөгчид байр сууриа илэрхийлцгээсэн. Тухайлбал, НҮБ-д суугаа Хойд Африкийн элч Амар Бэнджама "Гал зогсоох тогтоол нь палестинчуудад хүчтэй мессеж болох байв. Харамсалтай нь Аюулгүйн зөвлөл дахин бүтэлгүйтлээ" гэв.
Харин Палестины төлөөлөгч Рияд Мансур АНУ-ын хоригийг "туйлын бодлогогүй бөгөөд аюултай" гэж мэдэгджээ.
Францын төлөөлөгч Николас де Ривьер бодит байдал дээр нөхцөл байдал гамшгийн түвшинд байхад тогтоол батлагдаагүйд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн үед Ойрхи Дорнодын энх тайвны асуудлаарх АНУ-ын тусгай Элчээр ажиллаж байсан Фрэнк Лоуэнштейн энэ алхамыг "Америкийн бодлогын чухал өөрчлөлт" гэж нэрлэжээ.
ТӨЛӨВЛӨГӨӨТ ДОВТОЛГОО "НЯДАЛГАА" БОЛОН ХУВИРЧ МАГАДГҮЙ
Израилийн тал Рафах хотод довтолбол мөргөлдөөнийг "нядалгаа" болгон хувиргаж магадгүй гэдгийг НҮБ анхааруулжээ. Рафах хотын энгийн иргэд хүч, харгислалын хувьд нэн өргөн цар хүрээтэй халдлагад өртөж байгааг албаныхан сануулж байна. Израилийн арми өмнө нь зөвхөн Хамасын дайчдыг онилно гэж амалсан ч агаарын цохилтод эмэгтэйчүүд, хүүхдүүд өртсөөр байна.
Хамас бүлгийнхэн гуравдугаар сарын 10 гэхэд барьцааны хүмүүсийг бүгдийг нь суллахгүй бол Рафах дахь ажиллагааг эхлүүлнэ гэдгээ Израилийн дайны танхим энэ сарын 19-нд мэдэгдсэн. Энэ өдөр нь Исламын ариун мацаг барих сар болох Рамадан сарын эхлэл юм.
Израилийн дайны танхим нь тус улсын аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудаас бүрддэг. Хамас бүлгийнхэн аравдугаар сарын 7-нд Газын зурваст довтолсноос хэдхэн хоногийн дараа тус танхим байгуулагджээ.
АНУ-ын хоригийг Хятад улс ч эрс шүүмжилжээ. Бээжингээс мэдэгдэхдээ "Энэ алхам нь буруу мессеж илгээж, цаашдын нядалгааг ногоон гэрлээр зөвшөөрч байна" гэлээ.
Гал зогсоох тогтоолын төсөл нь дипломат хэлэлцээнд саад учруулна гэсэн АНУ-ын мэдэгдлийг "ямар ч үндэслэлгүй" гэж БНХАУ-ын НҮБ-д суугаа элчин сайд Жан Жүн хэлэв. Тэрбээр "Газар дээрх нөхцөл байдлыг харгалзан нэн даруй гал зогсоохоос идэвхгүй байдлаар зайлсхийж байгаа нь үргэлжилсэн аллагыг ногоон гэрлээр зөвшөөрснөөс өөрцгүй. Мөргөлдөөний тархалт нь Ойрхи Дорнодын бүс нутгийг бүхэлд нь тогтворгүй болгож, илүү өргөн хэмжээний дайн дэгдэх эрсдэлд хүргэж байна" гэлээ.
Эх сурвалж: BBC