ЭМЯ: АНУ-аас Монголдоо ирсэн 47 настай эрэгтэй улаанбурханаар өвчилсөн нь тогтоогдсон

249

Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: 
-Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор олон нийтэд мэдээлэл өгч байна. Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирж, тусгаарлагдан долоодугаар сарын 31-ний өдөр лаборатороор улаанбурхан өвчин мөн гэдэг нь тогтоогдсон. Уг тохиолдол нь 47 настай, эрэгтэй хүн. 2024 зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 20-ны өдрүүдэд АНУ болон Алматы хотод байсан. Мөн долдугаар сарын 17-нд Сан Франциско-Истанбул, Истанбул-Алмата чиглэлд ниссэн. Долдугаар сарын 20-нд Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн байна.
Улаанбурхан өвчин нь халдварын зэрэг өндөртэй өвчин. Тиймээс иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс мэдээлэл хүргэж байна гэв. 
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа: 
-Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол эрсдлийн үнэлгээг хийх явдал байдаг. ЭМЯ, ХӨСҮТ, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар, Гаалийн ерөнхий газартай хамтран эрсдлийн үнэлгээг хийсэн. Улаанбурхан өвчин дэгдэх эрсдэл хүн амын дунд ямар түвшинд байна вэ гэдэгт хариулахаар үнэлгээг хийсэн. Дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр дунд эрсдэлтэй байгаа үед Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байдаг. Үүний нэг нь удирдлагын тогтолцоог идэвхжүүлэх ёстой. 
Тандалт, судалгаагаар эрсдэлийн үнэлгээ дунд зэрэгтэй гарсан учраас олон нийтийн газар тогтмол амны хаалт зүүх, гараа угааж хэвшихийг анхааруулж байна.
Улаанбурхан өвчин нь туйлын халдвартай өвчний зэрэглэлд багтдаг. Халдвартай хүнтэй вакцин хийлгээгүй хүн ойр байсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй. Энэ утгаараа халдвартай иргэнтэй тухайн цаг хугацаанд хамт байсан иргэдийг олж тогтоох бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлээд 52 иргэнийг илрүүлсэн. Эдгээр хүмүүстэй ойр байсан хүмүүс гээд нийт 100 гаруй хүнийг халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхан өвчний вакцинаар дархлаажуулсан байна.
Улаанбурхан өвчний олон улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэе. Энэ өвчин нь “Ковид 19” цар тахлын дараагаар дахин сэргэж байгаа өвчлөл. 2023 оны байдлаар 170 оронд бүртгэгдэж, 330 мянган гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.
Өнгөрсөн жил энэ өвчний дархалттай холбоотойгоор ЭМЯ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Улсын хэмжээнд  8-10 настай 300 гаруй мянган хүүхдийг вакцинжуулсан байгаа. Гэсэн хэдий ч хоцорсон, хоёр дахь тунгаа хийлгээгүй бол яаралтай вакцинжуулалтад хамрагдаарай.
Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг туйлын халдвартай өвчин. Олон нийтийн газар зорчихдоо амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаахыг зөвлөж байна гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn