Оросжилтын шинэ давалгаа

82

Беларусийн иргэн 15 настай Микалайг энэ хичээлийн жилээс сургуулийнх нь багш, удирдлагууд Николай гэж дуудах болжээ. Энэ нь орос хэлний дуудлага юм. Микалай улсынхаа шилдэг сургуулиудын нэгд сурдаг боловч хичээлүүд нь беларусь биш орос хэлээр ордог. ОХУ хөрш улсдаа эдийн засаг, улс төр, соёлын ноёрхлоо тогтоохын хэрээр Микалайтай адил олон беларусь хүн Оросжилтын шинэ давалгааг туулж байна.
Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш. ЗХУ-ын үед, түүнээс өмнө хаадын үед ч оросууд Беларусьт хэл, бэлгэдэл, соёлоо тулгаж байв. 1991 онд ЗХУ задран унаснаар Беларусь өөрийн мөн чанарыг бататгаж эхэлсэн. Энэ үеэс беларусь хэлээ албан ёсны хэл болгож, төрийн далбаагаа сольсон.
Гэвч ЗХУ-ын түшмэл асан Александр Лукашенко 1994 онд засгийн эрхэнд гарснаар бүх зүйл өөрчлөгджээ. Тэрбээр орос хэлийг беларусь хэлтэй зэрэгцүүлэн албан ёсны хэл болгосноор үндсэрхэг үзлийн гол бэлгэдлийг үгүй хийсэн юм. Лукашенкогийн 30 гаруй жилийн засаглалын хугацаанд 9.5 сая хүн амтай Беларусь улсын бүхий л салбарт ОХУ ноёрхох боломжтой болсон.
Нийслэл Минск болон бусад томоохон хотод очлоо гэхэд беларусь хэл бараг сонсогдохгүй. Албан ёсны бүхий л ажил хэрэг, бизнес орос хэл дээр явагдах ба хэвлэл мэдээлэл ч оросоор мэдээллээ түгээдэг. Лукашенко өөрөө ч зөвхөн орос хэлээр ярьдаг. Төрийн албан хаагчид нь төрөлх хэлээ ашигладаггүй.
Беларусь улс Оросын зээл, хямд эрчим хүчнээс ихээхэн хамааралтай. Түүгээр ч үл барам ОХУ-тай улс төр, цэргийн эвсэл байгуулж, нутаг дэвсгэртээ цэрэг, пуужин байршуулах боломжийг Путинд олгосон. ОХУ-ын эрх баригчид Беларусийн соёлын зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлж, үндсэрхэг үзэлтэй олон зуун байгууллагыг нь хаасан.
Нобелийн утга зохиолын шагналтан, өдгөө Германд амьдарч буй Светлана Алексиевич хэлэхдээ "Беларусь улс эзлэгдсэн гэдгийг би ойлгож байна. Тэнд ерөнхийлөгч нь хэн юм бэ? Лукашенко лав биш. Ерөнхийлөгч бол Путин. Беларусьчууд үүнээс гарахад маш хэцүү байх болно" гэжээ.
Микалайн аав Анатолий хэлэхдээ "Бидний хүүхдүүдийг төрөлх хэл, түүх, үндэс угсаанаас нь зориудаар салгаж байгаа нь ойлгомжтой. Гэвч энэ Оросжилтын талаар асуухгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. ОХУ-тай сургалтын хөтөлбөр нэгтгэх гэж байгаа талаар бидэнд энэ жил хэллээ. Мөн Украины тусгай албаныхан өсвөр насны беларусь хүүхдүүдийг хэрхэн өөртөө элсүүлж, хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэж байгаа тухай суртал ухуулгын киног үзүүлсэн" гэжээ.
Микалайн сургууль нь беларусь хэл дээрх ном товхимол ашигладаг, зарим хичээлээ беларусиар ордог цөөхөн сургуулийн нэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд олон ч багш ажлаасаа халагдаж, сургуулийн цахим хуудаснаас беларусь хэл дээрх танилцуулгыг хасчээ.
Нобелийн энх тайвны шагнал хүртсэн хүний эрхийн өмгөөлөгч Алес Беляцки л гэхэд шүүх хурлаа беларусь хэлээр явуулахыг шаардсан ч шүүх түүнийг үгүйсгэсэн юм. Улмаар түүнд 10 жилийн ял оноосон.
Удирдагч Лукашенко өөрөө төрөлх хэлээ шоолж, "Беларусь хэлээр ямар ч агуу зүйлийг илэрхийлэх боломжгүй… Дэлхий дээр орос, англи гэсэн хоёр л гайхалтай хэл бий" гэжээ. Беларусьд орос хэлийг түлхүү ашиглаж байгаагийнх нь төлөө Путин түүнд талархал илэрхийлж байсныг Лукашенко нэг удаа ярьсан байдаг. Энэ үед Лукашенко Оросын ерөнхийлөгчид "Хүлээгээрэй, та надад юунд талархаж байгаа юм бэ? Орос хэл бол миний хэл. Бид нэг эзэнт гүрний дор байсан. Энэ хэлийг хөгжүүлэхэд бид оролцож байна" гэж хариулсан аж.
Беларусь улс олон зууны турш Оросын эзэнт гүрний нэг хэсэг байсан бөгөөд 1917 оны Большевикуудын хувьсгалын дараа ЗХУ-ын 15 бүгд найрамдах улсын нэг болсон. Улмаар беларусь хэлний өдөр тутмын хэрэглээ буурч, нутгийн баруун болон хойд хэсэг, хөдөө орон нутгаар л энэ хэлийг ашигладаг болжээ. 1994 онд оюутнуудын 40 орчим хувьд беларусь хэлээр хичээл ордог байсан бол өдгөө ердөө есөн хувь болсон. Беларусь хэл нь оростой адил зүүн славян хэл боловч үгсийн сан нь эрс ялгаатай.
Тус улсад беларусь хэлээр ярих нь Лукашенког эсэргүүцэж байгаагийн илрэл, үндэсний онцлогоо тунхагласан хэрэг гэж үзэх хандлага байдаг. 2020 оны маргаантай сонгуульд Лукашенко ялсны дараа беларусь хэлний асуудал дахин сөхөгдөж, эсэргүүцлийн жагсаалыг өдөөх хүчин зүйлсийн нэг болсон.
"Беларусь хэлийг улс төрийн үнэнч бус байдлын шинж тэмдэг гэж үзэх нь улам бүр нэмэгдэж, төрийн удирдлага, боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орос хэлийг илүүд үзэх болсон" гэж НҮБ-ын Беларусь дахь хүний эрхийн тусгай илтгэгч Анаис Марин хэлжээ. Түүнчлэн беларусьчуудын тухай өгүүлдэг "Language 404" номын зохиолч Алина Нахорнажа "Эрх чөлөөний бэлгэдлийн нэг болсон беларусь хэлээр ярихыг хүмүүс хүсдэг ч олон нийтийн газар ярихаас айдаг" гэжээ.
"Беларусьчууд Украины нэгэн адил Европтой ойртох хүсэл эрмэлзэлтэй байсан. Кремль энэ аюулыг эрт мэдэрсэн учир Беларусьт оросжих үйл явцыг эхлүүлсэн" гэж Беларусийн шинжээч Валерий Карбалевич хэлэв. Ингэснээр Оросыг дэмжигч байгууллагууд, боловсролын хамтарсан хөтөлбөрүүд, соёлын төслүүд борооны дараах мөөг шиг олширсон байна. Тус улсын хамгийн эртний театр болох Янка Купала театрын бараг бүх уран бүтээлч улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр эх орноосоо дүрвэжээ. Тус компанийн захирал асан Павел Латушка хэлэхдээ "Шинэ жүжигчдийг элсүүлж чадаагүй тул оросуудыг урихаас өөр аргагүй болсон" гэсэн юм.
Хэл, соёлын цензур нь Беларусийн орчин үеийн болоод сонгодог уран зохиолуудад ч нөлөөлжээ. Тухайлбал, Оросын эзэнт гүрнийг эсэргүүцсэн 19 дүгээр зууны үеийн Винсент Дунин-Марцинкевичийн шүлгийг 2023 онд хэт даврагч гэж зарлажээ.
ОХУ өдгөө Беларусийн дөрвөн хотод соёл, нөлөөгөө сурталчлах зорилгоор “Russia House” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд янз бүрийн семинар, кино клуб, үзэсгэлэн, уралдаан тэмцээн болдог аж. Шинжээч Александр Фридманы хэлснээр Кремль зардлыг үл тоон өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүний үр дүнд беларусьчууд мэдээллийн тусгаарлалтад орж, Оросын ертөнцийг эсэргүүцэх хүн бараг байхгүй болжээ.
Эх сурвалж: AP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn