Сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклын ослоор 600 гаруй хүн нас баржээ

587

Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд  жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд мотоцикльтой холбоотой  1171 осол гарч, ослын улмаас  600 орчим хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.
Гэхдээ энэ бол зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн  тоо үзүүлэлт.  Мотоциклын ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан ч хуулийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдол олон байдаг тухай тээврийн цагдаагийн алба хаагчид хэлж байсан юм. Улсын хэмжээнд бүртгэлтэй 46900 орчим мотоцикль байдаг. Үүний 90 орчим хувь нь орон нутагт бүртгэлтэй байна. Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд мотоцикль унаж яваад осолдсон 489 хэрэг бүртгэгдсэн. Ослын улмаас 122 иргэн нас барж, 273 хүн гэмтсэн. Амь насаа алдсан иргэдийн 80 орчим хувь нь мотоцикль унаж яваад онхолдох хэлбэрээр осолдсон байна. Мөн тэдний дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн замгүй газраар буюу гуу, жалганд осолдон амь насаа алджээ. Энэ жилийн тухайд ч мотоциклтой холбоотой зам тээврийн осол бараг өдөр бүр  бүртгэгдэж байна.   Тухайлбал, Баянхонгор аймагт эцэг эх нь мотоциклтой бага насны хүүхдээ дундaa суулган сумын төвөөс өвөлжөө рүүгээ очиход хүүхдийнх нь амь нас нь эрсэдсэн тохиолдол гарчээ.
Энэ долоо хоногийн лхагва гаригт  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг, “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Яг ийм осол хэргээс сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяны хүрээнд орон нутагт суман дээр ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч , цагдаа нар энэ бүхэнд хяналт тавьж ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагчид иргэдэд анхааруулаад байхад л хэнэггүй зан гаргаж ахуйн хэрэглээнд  мотоцикл унасаар л байна.
Иргэдийн хувьд осол гаргаад байгаа гол шалтгаан нь  мотоцикльтой явж байхад 40 км/цаг-аас илүү хурдтай явж байгаад онхолдох, машинтай мөргөлдөхөд дээр нь сууж байгаа жолооч, зорчигч хамгаалалтын малгай өмссөн байсан ч амь насаа алдах магадлал 80 орчим хувьтай гарчээ. Тиймээс иргэд, малчид мотоциклийн хурдыг зөв тохируулж, хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй байна. Мөн хүүхэд урдаа болон ардаа сундлан, ачаа тээшний хэмжээ хэтрүүлэн бүрэн бус техникийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байхыг алба хаагчид сэрэмжлүүллээ. 
Хууль: Мотоцикль дээр 10 хүртэлх насны хүүхдийг суулгаж явах хориотой. Мөн зөвхөн хоёр хүн л сууж явах зориулалттай. Хэрэв хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгож байна. 
Нэмж сэрэмжлүүлэхэд,  БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл нь хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн бөгөөд манай орны бартаа ихтэй зам харгуйд тохирохгүй хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тиймээс  иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө аюул ослоос ангид байж, мотоциклыг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn