У.Хүрэлсүхээр заавал загнуулж байж хөдлөх ёстой юу?!

17

“Засгийн газрын сайд нар ажилдаа орцгоо. Салан задгай байна. Эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа. Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлж халаад Улаанбаатарыг бүрхэж байна. “Тавантолгой түлш”-ийнхэн хатаалт олигтой хийхгүй байна. Сайжруулсан түлшний чийгшил 13 хувьтай байна гэж сонссон. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад дөрвөн хувийн чийгшилтэй байсан юм. Ажил хийхгүй, арчаагүй гаруудаа зайлуул. Хэн нэгний толгойг илээд байх шаардлага байхгүй”.  Гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг, даалгавар өгсний дараа Засгийн газар МХЕГ болон Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог эргэн сэргээхээр болсон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн даргын хувиар өнгөрсөн Даваа гаригт УИХ-ын дарга, Засгийн газрын сайд нар, цагдаа, тагнуулын ажилтнуудыг дуудан үүрэг Улаанбаатарын утааг хоёр дахин бууруулах үүрэг чиглэл өгсөн. Улаанбаатарын утаа үндэсний аюулгүй байдлын асуудал болсон нь үнэн, үүнд У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн даргын хувиар анхаарал хандуулах нь ч зөв. Гээд У.Хүрэлсүх чанга дуугаар зандарч байж, урд нь суугаад загнуулж байж улстөрчид ажлаа хийдэг баймааргүй байна.
Яг үнэндээ ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг. Үнэн үг гашуун агаад хоолой хорсгом байдгийг өвлийн энэ өдрүүдэд улаанбаатарчууд уушги, зүрхээрээ мэдэрч байна.  Улаанбаатарын утаа нэг өглөө эсвэл нэг шөнөөр бий болчихсон гамшиг асуудал биш. Өвөл болохоор хүйтэн болдог шиг хүйтэн болохоор гал түлэх нь ов ойлгомжтой аргумент. Гал түлэхийн хэрээр утаа гарах нь бүүр ойлгомжтой. Нийслэлийн 220 мянган өрхөөс гарч байгаа утаа өнөөдөр улаанбаатарчуудын эрүүл мэнд, амь насны дайсан гол болсон.
Харамсалтай нь, гол дайснаа зөв тодорхойлж, түүнтэй тэмцэх, ашиг сонирхлоос ангид дарга алга. Дааль стандартаа эдлээд татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа, дотогшоо зугаалдаг дарга нарын тоо нэмэгдсэн болохоос Улаанбаатарын утаа буурсан юмгүй л байна.
Ямба, ял хоёроо хамтдаа үүрэлцэж яваагийн хувьд яаж утаанаас салах вэ гэдэг нь МАН, АН, ХҮН намын дарга нарт тавих ёстой асуулт юм. Улаанбаатарын утааг бууруулж чадахгүй хөтлөлцөөд хөөгдөх нь цаг хугацааны асуудал болж мэднэ.
Нэг "үнэртээд" эхлэхээрээ Улаанбаатарын утаа хэнийг ялгахгүй.  Зайсанд амьдрах улстөрч, Баянхошуунд амьдарч байгаа иргэн ялгаагүй хортой утаагаар адилхан амьсгалж байна.
Иймээс эртнээс, халуун намраас Улаанбаатарын утаандаа анхаарал хандуулаач гэж улстөрчдөд зөндөө л зөвлөсөн. Атал УИХ, орон нутгийн сонгуульд гээд ухаан санаа, хөрөнгө мөнгөө улс төрд тавиад туучихсан, утаа нь бахь байдгаараа. У.Хүрэлсүхэд загнуулан байж Улаанбаатарын утаанд анхаарахаар болж байна.У.Хүрэлсүхээр нэг загнуулахаар Монголын улстөрчдийн хийморь сэргэдэг шинжтэй.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар томилолтоос ирсэн даруйдаа хэвлэлийн бага хурал хийж “Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Одоо ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг өөрчлөх судалгаа хийж байна. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ” гэх тайлбарыг өгнө лээ. Араас нь залгуулаад Засгийн газраас агаарын бохирдлын асуудлаар хуралдаж, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог эргэн сэргээх шийдвэр гаргажээ.
Гэх мэт У.Хүрэлсүхийн уур бухимдал улстөрчдийг, улс төрийн намуудыг хөдөлгөөнд оруулсан бололтой. Улаанбаатарын утааг бууруул гэж иргэд талбай дээр жагсаж үзсэн, цахим орчинд ч багагүй шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлээд удаж байгаа.
Иргэдийнхээ үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг улстөрчид Төрийн тэргүүнээс  үгнээс үхтлээ айв уу, өөрсдийнхөө алдааг ухаарав уу. Ямар ч байсан л Улаанбаатарын утаанд анхаарлаа хандуулахаар болж байна. Уг нь улстөрчид Ерөнхийлөгчөөсөө биш ард иргэдийнхээ шүүмжлэлээс айдаг байвал тэр чинь ардчилал юм шүү дээ. Ард иргэдийнхээ үгийг сонсдог болтлоо Засгийн газрын сайд нар Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхэд сардаа нэг удаа дуудагдаж, загнуулдаг болох юм уу!
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn