Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ, түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрнө гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүслээ.