Дэлхийд данстай “Сэлэнгэ” үхэр
Манай эх орны үхрийн ууган үүлдэр “Сэлэнгэ” үхрийг Монгол Улсын шилдэг 99 брэндийн нэг, манай орны мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэгэн ололт хэмээн тодорхойлдог юм.
Байгалийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдрах чадвар өндөр, ашиг шим их, уламжлалт мал маллагааны аргаар өсгөн үржүүлэх боломжтой гэж малчид, мэргэжилтнүүд дүгнэдэг.
Өөрийн орны онцлогт тохирсон үүлдэр бүтээхэд малчид, мал аж ахуйн эрдэмтэн, мэргэжилтнүүд хагас жарны хөдөлмөрөө зориулжээ. Монгол орны ойт хээрийн нөхцөлд монгол үхрийг казахын цагаан толгойт үүлдрээр эрлийзжүүлэх эрдэм шинжилгээний ажлыг 1953-1882 онд явуулсны үр дүнд махны чиглэлийн эх орны анхны үүлдэр бий болсон түүхтэй. Булганхангай нутагт төрсөн ашиг шимт өндөртэй үхрийг 1984 онд ХААЯ үүлдрээр баталж, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргадаг гэрийн тэжээмэл амьтдын шинэ үүлдэрт бүртгэгджээ.
Сэлэнгэ үхэр нь хурдан өсөлттэй, тэсвэртэй
1988 онд “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг зохион бүтээгч ХААИС-ийн багш, доктор, профессор Р.Жавзмаа болон Булган аймгийн мал зүйч О.Мэдэхгүй, Т.Балгансүрэн, малчин Г.Банзрагч, Ч.Ойдов нарт төрийн шагнал хүртээсэн байна.
“Сэлэнгэ” үүлдрийн үхэр ашиг шим өндөртэй, эдийн засагт үр өгөөжөө өгсөөр байна.
Махны хэвшлийг өөртөө бүрэн хадгалсан, хурдан өсөлттэй, бэлчээр гойд ашигладаг, бордогдох чадвар сайтай, хурдан таргалж чаддаг, омруу шалан, ууц нурууны хөгжилт сайн, гуя хонгоны махны дүүргэлт сайн, булчин махны хөгжил биеийн аль ч хэсэгт жигд, цээж, бөгс тэнцүү, амт чанар илчлэг сайтай, шүүслэг, алагласан махтай, нядалгааны гарц дундажаар 53-58 хувьтай, жингээр махны төрөлжсөн үүлдэртэй ойролцоо, үнээ гунжны дэлэнгийн хөгжил сайн, уртлаг хөхтэй бөгөөд сүүлэг шинжээрээ эхлээр бойжиж байгаа тугалын өсөлтийн эрчим, махны үхрийн стандартад заасан шаардлагыг бүрэн хангаж чаддаг, тэсвэр хатуужил, амьдрах чадвар сайтай, чийрэг бие цогцостой, 100 үнээнээс 80 хувиас дээш тугал бойжуулдаг хэмээн тодорхойлсон байдаг.
Сэлэнгэ үүлдрийн үхэр улсын хэмжээн дэх мах бэлтгэлийг өсгөж байжээ
“Сэлэнгэ” үхрийн тугалын төрөх үеийн жин 24-25, зургаан сартай тугал 180-200, охин бяруу 280-300, шүдлэн 350-390, гунж, дөнжин үнээ 400-506, гурав ба түүнээс дээш тугалсан үнээ 421-607, бух 750-800 кг татдаг байна.
Эдийн засгийн үр ашгийн хувьд үр өгөөжтэй байгааг хоёр баримтаас харж болно. Сэлэнгэ үүлдийн эх нутаг Сэлэнгэ сумын Ингэттолгойн сангийн аж ахуйн улсын үржлийн фермээс 1972-1982 онд үржлийн бух 2950, бяруу, гунж 7248 толгойг 12 аймгийн 207 аж ахуй нэгжүүдэд тухайн үеийн ханшаар 20,0 гаруй сая төгрөгөөр худалдаж байжээ. Тэр үед ойт хээрийн бүс нутагт “Сэлэнгэ” үхрийг өсгөх, үржлийн аж ахуйн бүс нутгийг өргөжүүлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Архангай аймгийн Түвшрүүлэхийн сангийн аж ахуйд өсгөх ажил хийж байжээ.
“Сэлэнгэ” үүлдрийн үхэр мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд мэдэгдэхүйцүр дүн өгсөн байна. 1980-аад оны үед Итгэтолгойн сангийн аж ахуйгаас улсын бэлтгэлд тушаасан үхрийн жин 354,9 кг байхад бусад аймгуудаас бэлтгэсэн ижил насны үхрийн дундаж жин 250,9 кг татаж, дундажаар 104,7 кг буюу 41,6 хувиар илүү байжээ.
1997 онд “Мах импекс” ХК-д тушаасан 820 толгой янз бүрийн насны Сэлэнгэ” үүлдрийн үхрийн нийт тураг махны 85 хувьIзэрэгт, 15 хувьIIзэрэгт тэнцэж, бэлчээрийн маллагаатай үхрийн хязаалан насанд нь маханд борлуулбал 76 үхэр хэмнэх боломжтой эдийн засгийн тооцоо гаргасан байна.
“Сэлэнгэ” үхрийг 11 аймгийн 50 гаруй нэгдэл, сангийн аж ахуйд сайжруулагчаар ашиглаад, цэвэр үүлдрийнх 20 орчим мянга, эрлийз 50 мянга толгой болсон байжээ. Гэтэл зах зээлд шилжсэн эхэн үед “Сэлэнгэ” үхрийн тоо толгой, төдийгүй ашиг шим нь буурсан байна.
Сэлэнгэ үхэр нь Булганхангай нутгийн брэнд юм
Монгол Улсын төрийн соёрхолт мал зүйч О.Мэдэхгүй:
-Нийгмийн шилжилтийн үед манай улсын хэмжээнд мал аж ахуйн үржил селекцийн ажил бодлогын хувьд алдагдсан. Энэ байдлаас болоод малын ашиг шим, чанар муудахын зэрэгцээ үүлдэрлэг байдал буурсан. “Сэлэнгэ” үхэр үүлдрээр батлагдах үед 500 кг жинтэй үнээ, нийт үнээний 32-33,0 хувийг эзэлдэг байлаа. Үржил селекцийн ажлыг үргэлжлүүлэн үр дүнтэй явуулсан бол үнээний жин хагас тонн гаруй болох бололцоо байсан. 2011 онд ХААИС-ийн багш Б.Лувсаншарав бид нар судалгаа хийсэн. Тэгэхэд үнээ 410 орчим кг жинтэй болсон байсан. 500-гаас дээш жинтэй цөм сүрийн тоо эрс багассан. Энэ үхрийг үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх талаар хөөцөлдөж, эхний ээлжинд хээлтүүлэгчээ сайжруулах нь зүйтэй гэж үзсэн. Нутгаасаа үндсэн сайжруулагч авах боломжгүй учир өөрийнх нь удам Казахын цагаан толгойт юм уу, грефорд үүлдрээр цус сэлбэхээр шийдсэн юм.
Мал аж ахуйнг эрчимжүүлэхийн төлөө зорьдог хүмүүсийн тусламжтайгаар ОХУ-аас грефорд, казахын цагаан толгойт үүлдрийн 200 гунж, 20 бух авчирч, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн, Баруун бүрэн суманд махны чиглэлийн үхрийн үржлийн аж ахуйд байршуулаад тэндээсээ Сэлэнгэ аймгийн Хушаат, Булган аймгийн Сэлэнгэ суманд эхний ээлжинд хээлтүүлэгч бэлтгэхээр ажилласан. Ноднин 25 бух, энэ жил 16 бух авч үржилд ашиглаж байна.
Сэлэнгэ суманд 16 мянга орчим “Сэлэнгэ” үхэр байгаа. Ийм суурь бааз дээр үндсэн сайжруулагчаар ашиглах бухтай болчихлоо. Ойрын 4-5 жилийн дотор энэ үхрийн үүлдэрлэг байдлыг улам сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.
Булган аймаг 2011 онд “Сэлэнгэ” үхэр үржүүлэх бүс нутаг гэж Сэлэнгэ, Хангал, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг сумыг тогтоосон. Энэ бүс нутагт үхэр сүргийн хувьд өөр хээлтүүлэгч ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Одоогоор аймгийн хэмжээнд 20 гаруй мянган “Сэлэнгэ” үхэр бэлчээрлэж байна. Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймгийн малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид “Сэлэнгэ” үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч авч үхэр сүргээ улам чанаржуулсаар иржээ.
Үржил шимт Сэлэнгэ мөрний хөвөөнд төрж, Дэлхийд данслагдсан “Сэлэнгэ” үхэр Булганхангай нутгийн нэгэн брэнд юм. Уламжлалт мал маллагааны арга барилаар хариулдаг, өндөр ашиг шимтэй мал гэж хангай нутгийнхан улаан халзан үхрээ улам илүүд үздэг билээ.