Сайд нарын тансаглал СААД болж байна

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өнгөрсөн. Сүржин нэртэй Засгийн хурал орон нутагт болсон нь энэ. Үйл ажиллагаанд оролцохоор сайд дарга нар Булган аймгийн нисэх онгоцны буудалд ХХЕГ-ын 19 хүний суудалтай онгоц хоёр удаа, ОБЕГ-ын 6 хүний суудалтай нисдэг тэрэг гурван удаа, БХЯ-ны таван хүний суудалтай нисдэг тэрэг хоёр удаа газарджээ.
Гай газар доороос гэдэгчилэн хуралтай зэрэгцэн 5 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Энэ үеэр түймрийн голомтод ажиллах ёстой нисдэг тэрэг нь дарга нарт үйлчлээд Булганд байсан байх нь.
Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байх үеэр сэтгүүлчид тодруулсан юм. Тэрбээр “ОБЕГ-т эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан гурван нисдэг тэрэг байдаг. Үүнийг гал түймэрт ашиглахдаа салхи болон цаг агаарын нөхцөл байдал нислэгийн аюулгүй байдал, эрсдлийг тооцоолж ашигладаг. Одоогийн байдлаар нэг нисдэг тэргийг Сэлэнгэ аймгийн түймэрт ашиглаж байна. Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулаад хариу хэлье" гэв.
Арга ч үгүй биз дарга нарт үйлчилсэн гээд үнэнийг хэлбэл тэрээр ажилгүй болно. Гэвч үнэнд гүйцэгдэж Булган аймгийн нисэх онгоцны буудлын сошиал хаяган дээр зар тавигдаж үнэн ил боллоо.
Онцгой байдлын үед ашиглах зориулалттай нисдэг тэргээр хурал зөвлөгөөндөө явдаг сайд дарга нар Монголоос өөр газар байдаггүй л байлтай. Жижиг улсын зовлон юм даа.
Д.Өөдөө

