Эзэнгүй Булган

293

Булган Аймгийн Засаг дарга Батбаярын Ариун-Эрдэнэ Засгийн газраас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө хүсээд гэр бүлээрээ зугаалж явна. Хамгийн ноцтой нь тэрбээр 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр “Засгийн газраас баталсан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу өнөө жилийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа", “баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно” гэж мэдэгдэл гаргачихаад тэрхүү “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл”-ийн дагуу ажиллах байтугай ажлын байраа “хаяад" явчихлаа. Өнөөдөр Булган аймаг эзэнгүй байна. Аймгийн Засаг дарга ч, ЗДТГ-ынхан ч ажлын цагаа бүрэн ашиглахгүй, иргэддээ олдохгүй боллоо.
 
Үнэхээр баяр наадмын төсөвт хэдэн төгрөг төсөвлөөд цар тахлын эсрэг яаж зарцуулсныг иргэддээ ил тод мэдээлдэг байх, үүнд нь иргэд сонгогчид бид хяналт тавих эрхтэй. Гэтэл “Наадам хийхгүй, баяртай” гэсэн мэт цар тахлын хүнд нөхцөлд орон нутгийн удирдлагыг эзэнгүй орхисонд гүнээ харамсан бухимдаж байна.
 
Монгол Улсад Хөдөлмөрийн тухай хуульд энэ оны нэгдүгээр сард оруулсан шинэчилсэн найруулгаар “Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ”, “Зөвхөн зургаа ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан хүн, эсвэл ажилдаа тэнцэхгүй болон, сахилгын шийтгэл хүртэж халагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө халсан, гэхдээ цомхотголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгөх" гэсэн шинэ заалтууд орсон билээ.
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ улайм цайм хууль зөрчихгүйн тулд дээрх зургаан сарын хугацааг тэсэн ядан хүлээж байв уу гэдэгт ч иргэд бид эргэлзэж хардах эрхтэй.
Өнөөдөр холбогдох тоо баримтуудаас харахад Булган аймаг Ковидын халдвар, уг тахлын улмаас нас барсан иргэдийнхээ тоогоор тэргүүлж байна.
 
 
 
Хүнд нөхцөлд аймгийнхаа Онцгой комиссыг удирдан чиглүүлж голлон зохион байгуулах ёстой байтал Засгийн газраас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авчихаад бодит байдал дээр гэр бүлээрээ зугаапж яваа Б.Ариун-Эрдэнэ дарга “дайны үед цэргээ орхиод зугтах” цэргийн жанжнаас ялгаагүй, дэндүү хүйтэн сэтгэлээр Булганы ард иргэдэд хандлаа.
 
 
 
Уг аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа иргэн бүр, байгууллага бүхэн Онцгой комиссын зааварчилгааг дагаж мөрдөж, тэдний шийдвэрийг сахин биелүүлж, алхам тутамдаа зөвшөөрөл, зөвлөгөө мэдээллээр хангагдах шаардлагатай атал удирдах ёстой дарга нар маань хаяад явчихлаа.
Хэдийгээр найр наадмын үе мөн боловч ковидын улмаас тэмдэглэхгүй, өндөржүүлсэн бэлэн байдалд байна гэчихээд ганцаараа баярлаж зугаалаад байгааг мэдсэн иргэдийн хувьд энэ тэгш бус бөгөөд хариуцлагагүй байдал нь ноёдын зиндаа, харцын зүдүүрийн ялгаа мэт доромжлол гэж үзэж байна.
Тиймээс Булган аймгийн Засаг даргын энэ хариуцлагагүй байдалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та онцгой анхаарал хандуулж “Эзэнгүй” Булган аймгийг эзэнтэй болгож, аймгийн удирдлагуудад ажлаа хийхийг шаардаж, хариуцлага тооцож өгнө үү!
 
 
“Эзэнгүй” Булганы иргэд, сонгогчдоос хүндэтгэн ёслов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn