ОХУ-ын шинэ Засгийн газар бүрдлээ

713

8722


МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сайд нарыг томилох зарлигт гарын үсэг зуржээ.


Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар, ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчийг ес болгож цөөлсөн байна. Ерөнхий сайд асан Дмитрий Медведев 10 орлогчтой байжээ. Мөн Умард Кавказын асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлжээ. ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн алба, Эрүүл мэндийн салбарын хяналтын алба болон Биоанагаахын агентлагийн үйл ажиллагаанд Засгийн газар хяналт тавихаар болсон байна.


Үүнээс гадна, Төрийн өмчийн удирдлагын агентлагийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас Сангийн яамны харьяанд шилжүүлжээ.


Сайд нарын танхимд Хуульзүйн сайдаас бусад хүчний байгууллагуудыг хариуцсан бүх сайд нар суудлаа хадгалж үлдсэн байна. Сергей Шойгу Батлан хамгаалахын сайдын, Евгений Зиничев Онцгой байдлын яамны, Владимир Колокольцев Дотоод хэргийн сайдын суудалдаа хэвээр үлдлээ.


Хуульзүйн сайдаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Константин Чуйченког томилжээ.


Баримт бичигт дурдсанаар, Антон Силуанов Сангийн сайдын албан тушаалдаа хэвээр үлдсэн бол Денис Мантуровыг Үйлдвэр, худалдааны сайдаар, Сергей Лавровыг Гадаад хэргийн сайдын албан тушаалд нь үлдээжээ. Евгений Дитрихийг Тээврийн сайдаар дахин томилсон байна. Мөн Эрчим хүчний сайд Александр Новакийг албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Түүнчлэн Дмитрий Кобылкин Байгалийн нөөц, экологийн сайдын албандаа үлдсэн бол Дмитрий Патрушев ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.


ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамыг Пермийн хязгаарын захирагч Максим Решетков тэргүүлнэ. Хөдөлмөрийн сайдын албыг Сангийн дэд сайд Антон Котяков хашихаар болсон бол Владимир Якушевыг Барилгын сайдаар дахин томилжээ.


Үүний сацуу, өмнөх Засгийн газарт нийгмийн салбарыг хариуцаж байсан бүх сайд нарыг шинээр томилсон байна.


ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин сайд нарын танхимынхаа шинэ бүрэлдэхүүнийг Владимир Путинд мягмар гарагт танилцуулжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: Монцамэ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn