Булган аймагт бэлчээрийн нөхөн сэргээлт хийх шаардлага үүсжээ

19


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутаг, Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” төслийн хүрээнд хийгдэж буй бэлчээрийн нөхөн сэргээлтийн явцыг үзлээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр 2018 оноос дээрх төслийг хэрэгжүүлж байна.
Зайнаас тандах аргаар нийт нутаг дэвсгэрийн бэлчээрийн талхлагдалын зэргийг тогтоох, доройтол түүний тархалтыг тодорхойлох, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох юм. Улмаар эрс тэс уур амьсгалтай, харилцан адилгүй газарзүйн нөхцөлд тохирсон нөхөн сэргээх технологийг бэлчээр сэргээхэд нэвтрүүлж, нутагшуулах, олон наст, үет, буурцагт ургамлын нутгийн болон нутагшсан сортуудыг тариалж нөхөн сэргээх зорилготой аж. Булган аймгийн бэлчээрийн доройтлыг хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдал, хүний хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон гаргажээ.
Ингэхэд 2006 онд нийт бэлчээрийн 14.2 хувь нь сул, 1.7 хувь нь дунд зэрэг, 0.32 хувь нь хүчтэй доройтсон байсан бол 2019 оны судалгаагаар дээрх үзүүлэлтүүд дахин 30 хүртэл хувиар доройтсон байна. Иймд Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэдгийг судалгааны ажилчид болон нутгийн малчид онцолж байв. Сүүлийн гурван жилийн ажлын үр дүнд төслийн талбайд өлийн цагаан оготно устаж, олон наст ургамлын ургац бүрэн гүйцэн, хөрсийг хуурайшуулж, цөлжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг зэрлэг ургамал буурсан байна. Энэ нь зайнаас тандалт судалгаа хийсэн газруудад үүн шиг нөхөн сэргээлт хийхэд үр дүнтэй байдгийн илэрхийлэл юм. Төслийн эрдэм шинжилгээний ажилчид малчдад бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар байнгын сургалт явуулж, мэдээлэл өгдөг аж. Монгол орон даяар бэлчээрийн нөхөн сэргээлтийг явуулах талаар Засгийн газар анхаарна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn