"Айрагтай нутгаар ~ Булган 100 км" адал явдалт уртын явган алхалт зохион байгуулагдлаа
Аймгаас аймагт өртөөчлөн 100 км-ийн алхалтууд маань үргэлжилсээр байна. Ардын хувьсгалын өлгий Сэлэнгийн 100 км, Хөх сувдын эрэлд гарсан Хөвсгөлийн 100 км-ээр буухиалан нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан Булган хангай нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, Сэлэнгэ мөрний сав газар, Уран тогоо уул, Түлүүгийн даваа, Тарвагатайн уулс, Их булаг рашааны чиглэлээр 3 өдрийн нийт 100 км-ийн явган алхалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр дэхь нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын холбогдох зорилгын хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар 2022 оны 3 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулах тухай шийдвэр гарсан билээ.
Энэхүү аяныг Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Биеийн Тамир Спортын Улсын Хороо, ДЭМБ болон “Монголын явган алхалтын холбоо” нь хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын баталсан тус аяны үйл ажиллагааны хөтөлбөрт “4 аймаг 400 км” уртын явган аялалын хөтөлбөр тусгагдаж батлагдсан. Энэ удаад тус сорилтот явган аялалын хөтөлбөрийн хүрээнд хангайн бүсийн ээлжит арга хэмжээг Булган аймагт “Айрагтай нутгаар ~ Булган 100 км” сэдвийн дор 2022.08.19 – 08.22-ны өрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Явган алхалт нь хүн амын хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаатай олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн үр нөлөөтэй, түгээмэл арга төдийгүй хамгийн олон хүнийг хамруулж чадах өргөн далайцтай, бүх нийтийн спорт юм.
Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн бие мах, сэтгэл зүрхээрээ үлгэрлэн харуулж, олон нийтийг явган алхалтад уриалан дуудахын сацуу хязгаараа давж, өөрийгөө ялж, сорилт бэрхшээлийг хамтын хүчээр даван туулсан нийт оролцогчид, явган алхагчид та бүхнээр бахархаж байна. Мөн алс хол нутаг, Увсын цэнхэр хязгаараас зорин ирсэн Увс аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн Д.Баттулга, Өмнийн цэнхэр говь Өмнөговь аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн С.Батдэлгэр, Төв аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн Б.Отгонбаяр, Орхон аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн Х.Урангоо, Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбооны тэргүүн Ц.Баярхүү, МЯАХ-ны гишүүн байгууллага Хобби клубын удирдагч Н.Үзмээ болон бусад идэвхтэй хамрагдсан гишүүддээ баярлалаа.
Энэ удаагийн хангайн бүсийн 100 км-ийн явган алхалтын арга хэмжээг зохион байгуулсан Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбооны салбар Булган аймгийн Явган Алхалтын Холбооны хамт олонд, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж, тус арга хэмжээг бодитой хэрэгжих бүх нөхцлийг бүрдүүлсэн Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЗДТГ, Засаг дарга П.Лхагва-Очир, Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Булган аймгийн Биеийн тамир, Спортын газар, Булган аймгийн Замын цагдаагийн алба, Алхалтын хөтөлбөрийн ерөнхий удирдагч Г.Алтансүх, алхалтын хөтөлбөрийн чиглүүлэгч, ОУХДМ Ч.Наранцацрал, Мастер тогооч Ч.Сарантуяа Уран тогоо амралтын газрын хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.