БУЛГАН: Зудын эрсдэл нэмэгджээ
Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээллээр өвлийн тэргүүн сарын эхээр гаргасан зудын эрсдэлийн төлөв энэ сарын эхний байдлаар нэмэгджээ. Тухайлбал, зудындунд эрсдэлтэй нутгийн хэмжээ 13,0, их эрсдэлтэй нутгийн хэмжээ 7,0 хувиар нэмэгдэж гарчээ.
Энэ жил зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа, нэгжийн ургац бага, малын тоо их, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан, нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэд таагүй нөлөөлж байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлжээ.
Нийт нутгийн тал хувьд зудын эрсдэл их, 40,0 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10,0 орчим хувьд бага байна. Баян-Агт, Орхон, Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант суманд зуд нүүрлэж магадгүй болжээ. Цасан бүрхүүлийн мэдээгээр Дашинчилэн сумын Хараат, Лах багийн нутгаар цасны дундаж зузаан 15-21, Бүрэгхангай сумын Дархан, Дэрст, Цахт багийн нутгаар 5-20, Хангал суманд 10, Тэшиг суманд 8-15, бусад нутгаар 2-5 см, гуу жалга хунгарласан газартаа 15-20 см зузаан битүү цастай байна.