Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс Монгол”-ын С.Наранцогтын багийн ажлын эрчийг анзаарахад манай улс ураны том төслөө хэрэгжүүлэх нь бараг л тодорхой болчихлоо. Төсөл хэрэгжсэнээр Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар томоохон хэмжээний орд гэгддэг Зөөвч Овоогоо монголчууд ашиглаж эхэлнэ. Тэгж чадвал бид зэс нүүрснээсээ гадна уран гэдэг доллар олдог шинэ кранттай болно. Энэ бол эдийн засагт гоёос гоё мэдээ. Наад зах нь л долларын ханшийн галзуурал намжина. Улсаараа долларт дарлуулахгүй амьдрах цаг ирнэ. “Францын “Орано”-той хийх хөрөнгө оруулалтын гэрээ батлагдчихвал Оюу толгойн гэрээнээс хойш гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том гэрээ болно” гэж Ерөнхий сайд өнөөдөр чуулганы танхимд үг хэлэхдээ онцолно лээ. Л.Оюун-Эрдэнээс өмнөх Засгийн газрууд ийм ашигтай төслийг яагаад хөдөлгөж чаддаггүй байсан бэ, ураны төслийг хөдөлгөхгүй байх гудамжны жагсаал тэмцэл өнөө ч дарагддаггүйн цаана ямар учир бий вэ гэсэн асуултын хариуг “Орано”-той хийх хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж буй яг энэ үед өгөх учиртай.
Учир мэдэх нэг эрхмээс сонссон хов байгаа юм. Бүр тодруулж хэлбэл Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан нэгнээс сонсч байлаа, олон жилийн өмнө. Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Путинтай зоог барьж л дээ. Мань эр тэр үед ураны дажгүй ордуудтайгаа цухуйлгачихаж. Тэр орой хойд хөршийн тэргүүн Монголын Ерөнхий сайдын ярьсан элдэв үгсээс яг энэ хэсгийг нь хойд хөршийн тэргүүн царай нь хувьсхийж, их л анхааралтай сонссон гэдэг.