Ура..аа…н, урагшаа!
Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч гурван том компанийн нэг, 70 жилийн туршлагатай Францын төрийн өмчит “Орано майнинг”-тай Монголын Засгийн газар хөрөнгө оруулах гэрээг байгуулах зөвшөөрлийг УИХ-аар гаргуулж авна гэдэг нь эдийн засгийн зорилгоороо ч, улс төрийн агуулгаараа ч асар ач холбогдолтой үйл явдал. Үндсэндээ, эдийн засгийн аргаар үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэх нь зүй ёсных, бас хүссэн ч, эс хүссэн ч энэ төсөл түүний засгаар овоглогдож түүхэнд үлдэх нь гарцаагүй.
Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тоонд багтдаг, НАТО болон Европын холбоог үүсгэн байгуулалцсан, “Их 7”-гийн нэг. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд нэг, Европтоо хоёрдугаарт бичигддэг, ардчилсан тогтолцоотой Франц улстай ураны салбарт хамтрахаар болсон нь аль ч утгаараа сайн мэдээ төдийгүй хөрөнгө оруулагчдыг татах эерэг сурталчилгаа болох юм.
Уран, зэс, алт, нүүрс гээд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн төрөлжихийн хэрээр наашаа урсах ам.долларын амсар томорно гэсэн үг. Дараа, дараагийн ураны төслүүд урагшлах жим болж өгнө.