“Гацаагч”: Энэ удаа Д.Энхтүвшинд олон нийт хууртахгүй

0

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсөл дэх заалтуудыг огцом шүүмжилж, “амь орлоо”.
Яагаад “огцом” гэдэг тодотгол хэрэглэв гэхээр, хэлэлцээрт баримтлах чиглэл бүхий УИХ-ын тогтоолыг хэлэлцэхэд тэр тоогоогүй. Анхдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн хойно орж ирж, найруулгын шинжтэй хэдэн засвар л хэлсэн байдаг. Бусдаар агуулгын тухайд ямар ч санал шүүмжлэл хэлээгүй. Яг л 2025 оны улсын төсвийг засах ямар ч боломжгүй болсон хойно акцалсан шигээ.
Мөн тэр үед нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмодын асуудлаар “Чайна энержи”-тэй уулзахаар БНХАУ руу явсан байж таарсныг сануулах нь зүйтэй.
Ер нь энэ сэдэвт Д.Энхтүвшингийн байр суурь үнэндээ сонин байсан. Юу хэлэх бол гэдгийг нь УИХ-ын чуулганы хуралдааны үеэр харж, сонирхож байсан ч тэр ийн аг жиг оргисон.
Яагаад гэвэл, 10 жилийн өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг БНХАУ-ын “Шиньхуа” группээр бариулах хэлэлцээрт MCS талыг төлөөлж оролцсон хүн бол Д.Энхтүвшин юм. Тухайн үед тэрбээр MCS-д ажиллаж байв.
Харин ерөөс Д.Энхтүвшингийн төлөөлж оролцсон тэр процессыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Төсөл гацсан ганц шалтгаан” хэмээн тодотгож байгаа.
Тухайлбал, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дундын зуучлагч оролцуулсан. Ингэхдээ хил холболтын төмөр замыг 49:17:17:17 харьцаа бүхий хувьцаагаар хувааж авахаар тохирсон байсан. Энэ хэлэлцээр нь төсөл гацах үндсэн нөхцөл болжээ гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн юм.
Үйл явцыг дахиад жаахан дэлгэрүүлбэл, 2015 онд “Гашуунсухайтын төмөр зам” гэж ХХК байгуулсан ба 49 хувийг нь “Эрдэнэс тавантолгой” ХХК, 17 хувийг нь MCS буюу “Энержи ресурс”, 17 хувийг нь орон нутгийн Тавантолгой ХК, үлдсэн 17 хувийг БНХАУ-ын “Шиньхуа” групп эзэмшээд байв. Харин тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай нэг анги, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэг нартай ойр гэгддэг, өмнө нь огт төр төлөөлж юм уу томоохон төсөл хөтөлбөр хариуцаж үзээгүй намтартай Хөхөөгийн Ганболдыг томилсон.
Тэр шууд Монголын талын “нүүр” болж, БНХАУ-ын талтай харилцсан, харилцахдаа бүр “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” гэгч баримт бичгийг үзэглэсэн нь ердөө ноднин ил болсон юм билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д очиж ажиллахад нөгөө талаас ганцхан шаардлага тавьсан гэгдсэн. “Энэ удаа та нар дундын зуучлагч л битгий ажиллуулаарай” гэж. Учрыг нь тодруулбал мөнөөх санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг гаргаж тавьжээ. Харин энэ баримт бичиг Монголын аль ч төрийн байгууллага, архиваас хайгаад олдоогүй.
Энэ үйл явц ил болоод ирэхээр тухайн үед MCS талыг төлөөлж байсан, өдгөө УИХ-ын гишүүн болсон Д.Энхтүвшин юу гэж дуугарах вэ, юу хэлэх вэ хэмээн чих тавин хүлээж байлаа. Харин нэрлэж, цоллосон удаагүй.
Тэгсэн ч эхний өдрийн хэлэлцүүлэгт харагдаагүй. Дээр дурдсанчлан, хожим нь найруулгын шинжтэй засвар хэлээд л өнгөрсөн билээ.
Харин өчигдөр байнгын хорооны хуралдаанд тэр “Хар бууж байна. Дахиад нүүрсний хулгай явах юм биш биз дээ. Ер нь нүүрсний гэрээ болчихсон байна. Төслийг гацаах бүлэглэл байна гэх мэтээр нэлээд зохион байгуулалттай мэдээлэл түглээ. Миний нэрийг ч холбож дайрахад нь ингэж бодоход хүрлээ” гэж хэллээ.
Үнэндээ нэрийг нь холбох шалтгаан чухам ингэж хэлснээр нь, өчигдөр л бий боллоо, тэр өөрөө бий болгочихлоо.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн шүүмжлээд буй агуулга нь, хил холболтын төмөр зам барихын тулд,
  • ЭТТ ХК-ийн хоёр ордоос нүүрс олборлох эрхийг БНХАУ-ын компанид олгох
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд тус улстай хамтарч ажиллах
  • 16 жилийн турш БНХАУ руу тогтмол гэрээгээр нүүрс нийлүүлэх зэрэг байна.
Гэтэл эдгээр нь түүний алдаг оног суусан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр яригдаж л, хэлэлцэгдэж л байлаа. Ерөөс Засгийн газар хоорондын хэлэлцээрт баримтлах үндсэн чиглэлүүд нь энэ байв.
Ингэж байж өнгөрсөн 10 жилийн алдагдсан санхүүгийн үр ашгийг айлын тал нэхэмжлэхгүй тохироонд хүрсэн. Мөн ингэж байж Тавантолгойн хоёр ордын нүүрсийг 16 жилийн турш баталгаатай үнээр, хөдөлшгүй тоо хэмжээгээр зарах ойлголцлыг хийсэн, Гашуунсухайтын төмөр замын үр ашигтай, тогтмол үйл ажиллагааг хангасан.
Товчхондоо, бүх талаас нь авч хэлэлцээд агуулгын хувьд тохирчихсон асуудал билээ.
Чухам одоо БНХАУ-ын талтай баримт бичгээ үзэглэх цаг үе нь дөхөөд ирсэн хойно Д.Энхтүвшин яагаад гарч ирэв. Яагаад мэдэн будилав. Мэдсээр байж “Нүүрсний хулгай боллоо” гэх мэтээр илтэд харлуулав.
Үнэндээ энэ сэдэвт Монгол Улс БНХАУ-ын өмнө нүүргүй болчихсон нь үнэн билээ. Тийм ч учраас дотоодын улстөржилтийг бага байлгах гэж өнөөгийн эрх баригчид хичээж байна. Тэр агуулгаа ч УИХ-ын тогтоолдоо шингээсэн. Мөн тэр тогтоолыг батлахад Д.Энхтүвшин ч оролцсон билээ.
Одоо дахиад энэ мэтээр улстөржиж, мэдэн будилж эхэлбэл төсөл урагшлахад сөрөг л нөлөөтэй. “Оройтсон бороо” болсныг мэдсээр байж, Ерөнхий сайдыг “Чайна энержи” рүү явсан хойно улсын төсвөөр популизм хийж алга ташуулсны нь хэрсүү олон нийт бол ойлгосон. Харин одоогийн үйлдэл нь лав өнөөдөр алга ташуулахгүй, алсдаа “Гацаагч” нэр зүүлгэх болно.
Г.САНСАРМАА
https://eguur.mn/565118/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn