Допинг хэрэглэхийг зөвшөөрсөн спортын наадмыг үхэлд хүргэх аюултай гэж буруутгав

2026 оны тавдугаар сарын 21-24-нд АНУ-ын Лас-Вегаст Enhanced Games спортын наадмыг зохион байгуулах тухай албан ёсоор зарласан.
Энэхүү наадмын гол онцлог нь допингийн хяналтгүй. Өөрөө хэлбэл, допинг хэрэглэсэн тамирчид оролцож болно. Тэдгээр тамирчдаас допингийн шинжилгээ огт авахгүй юм.
Тэгвэл Олон Улсын Олимпын Хорооны Тамирчдын хороо мөн Дэлхийн Допингийн эсрэг агентлаг өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд Enhanced Games-ийг “Бидний дэмжиж, хэрэгжүүлж буй бүхнээс урвасан явдал” хэмээн тодорхойлж, буруутгажээ.
“Ажиллах чадварыг эрс нэмэгдүүлэх эм бэлдмэл, тариа хэрэглэх нь одоогийн болоод ирээдүйн тамирчдад аюулын дохио илгээж буй хэрэг юм. Хурд, хүч нэмэгч бэлдмэлүүд нь хүний эрүүл мэндэд нөхөшгүй хохирол учруулж, бүр үхэлд ч хүргэх аюултай” гэж мэдэгдэлд дурджээ.

Enhanced Games-т спортын гурван төрлийг эхэлж багтаана гэж мэдэгдсэн. Энэ нь ойрын зайн гүйлт, усанд сэлэлт, хүндийг өргөлт юм.
АНУ-ын Допингийн эсрэг агентлагийн тэргүүн Трэвис Тайгарт “Жинхэнэ спорт биш, алиалагчдын аюултай шоу” гэж тодорхойлсон. “Ажиллах чадварыг эрс нэмэгдүүлэгч эм бэлдмэлүүд нь хүний бие болоод сэтгэлзүйд маш том аюул тарьдгийг олон тамирчдын жишээ дээр харж болно. Тэдгээр тамирчдын зарим нь үүнээс болж амиа ч алдсан” хэмээн Тайгарт мэдэгдсэн юм.
.jpg)
Enhanced Games-ийг Австралийн хөрөнгө оруулагч Аарон Д`Соуза санаачилсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү, жижиг Трамп мөн Омид Малик, үүнээс гадна технологийн салбарын тэрбумтан Питер Тиль нар ивээн тэтгэгчээр оролцох ажээ.
Аарон Д`Соузагийн үзэж буйгаар бол ирээдүйд техник технологи болон шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын шинэ амжилт, бүтээгдэхүүнээс хэрэглэх ёстой, тиймээс ч допингийн талаар бүү асуу, бүү ярь гэсэн уриа цухалзах болжээ.
.jpg)
Допингийн хяналтад бүдэрсэн, үүнээс болж гадуурхагдсан тамирчдыг Enhanced Games-т баяртай оролцоно гэж тооцож буй юм байна. Тэмцээн бүрийн шагналын сан 500 мянган ам.доллар. Хэрвээ Дэлхийн дээд амжилтыг эвдвэл 1 сая ам.долларын урамшуулал өгнө гэж зарласан. Одоогоор алдартай тамирчдаас усанд сэлэлтийн Дэлхийн аварга Жэймс Магнуссен оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.