“Тэрбум мод” тэнд үхэж байна

0

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ойн салбарын хэлэлцүүлэг, чуулган  ташуур өгч,  нийслэл хот, 21 аймаг нийтдээ  680 сая мод тарьж ургуулна гэсэн амлалт авсан нь саяхан. Тогтоол шийдвэрт гарын үсэг зураад бэх нь хатаагүй байтал зарим аймагт ургаа моддыг хугалах “дажин” эхэлчихсэн байжээ.Хулгайгаар самар түүж бэлтгэдэг бүлэглэл өнгөрсөн намраас Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумын  ойн гүнд бүгж, тусгай хамгаалалттай газарт хушин  ойг сүйтгэж байсныг  Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Экологийн цагдаагийн алба, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ТЕГ,  Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох газруудын  хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн  арванхоёрдугаар сарын сүүлчээр шалгалт явуулж илрүүлжээ.
Ажлын хэсэг хэдийгээр “МИ-8” нисдэг тэргээр очсон ч самарчдын мөрөөр хяналт шалгалт явуулах ажил нь  амь эрсдэж мэдэх  хүнд нөхцөлд өрнөдгийг тухайн  үед хийж, саяхан олон нийтэд цацсан баримтат нэвтрүүлгүүд  харууллаа. Самрын татаасыг байгаль хамгаалахад бараг  зарцуулдаггүй. Манай улс жил бүрийн есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар бэлтгэх хуулийн хугацаа заасан байдаг. Гэвч  иргэд хувиараа болон хэсэг бүлгээрээ хууль зөрчин  самар түүсээр.
 
сонин mn
 
Төрөөс нарийн зохицуулалт хийх тухай, самрын бизнес эрхлэх боломжийг судлах, шийдэх  тухай ярьдаг ч  нэг талдаа гаралгүй өдий хүрчээ. Энэ нь  хулгайгаар самрын бизнес эрхлэгчид, самар түүж тэдэнд тушаадаг  иргэдийг улам өөгшүүлжээ. Самар түүсэн иргэд, аж ахуйн нэгжүүд  килограмм тутамд ахуйн зориулалтаар бол  500, үйлдвэрлэлийн зориулалтаар 800 төгрөг тушааж тухайн орон нутагт нь төвлөрүүлдэг. Үйлдвэрийн зориулалтаар түүсэн самрын  татаас болох 800 төгрөгийг тухайн аймаг авдаг бол ахуйн зориулалтын 500 төгрөгийн 300 төгрөгийг нь сум, 200 төгрөгийг нь байгаль хамгаалах газар, Хан Хэнтийн УТХГ авдаг. Нийт орлогын 85 хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулдаг гэх ч  ихэнхдээ аймаг, сумын төсөвт шингээд алга болдог гэлцдэг.
 
Хулгайгаар самар бэлтгэдэг бүлэглэлийн тухайд   ганц удаагийн үйлдэл  биш юм. Лав л сүүлийн таван жил энэ байдал эрс ширүүсч, нэг хэсэг нь ууланд очиж бэлддэг, түүнийг нь том машинаар зөөдөг, хот руу  нууцаар оруулдаг,  хил гаалиар гаргадаг сүлжээ хүртэл бий болжээ. Цар тахлын хязгаарлалт тогтоосон үед ч самарчдын машиныг нэвтрүүлж байна гэх хэл ам гарсаар байсан нь үүнийг нотолно. Самарчид юуны өмнө мод болгоныг мунаар  цохиж гэмтээнэ. Хүйтэн сэрүүний улиралд дулаан байхын тулд түлээ бэлдэнэ, бас л мод сүйтгэнэ. Машин очих боломжгүй газарт зам гаргах гэж   мөн л  ургаа моддыг  булгална. Үүний зэрэгцээ өөрсдөө 20 метрийн өндөр модноос унаж хүнд бэртсэн, нас барсан, хоол ундгүй болж өлсч цангасан,  төөрч ОХУ-ын хилийг  давсан хэргүүд гарсаар. 2016 онд самар түүж байгаад модноос унаж нас барсан хэрэг Төв аймгийн Мөнгөнморьт, Өвөрхангайн Бат-Өлзий суманд гарч байв. Түүнээс хойш ийм хэрэг байнга дуулдах болсон. Самарчид архи ууж хоорондоо  зодолдоод нэгийнхээ аминд хүрснийг холбогдох газрууд шалгаж байгаа тухай мэдээлж байв. Өнгөрсөн хавар Сэлэнгэ аймгийн Мандал суманд самарт явсан зургаан залуу угаартаж нас барсан,  Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт самар түүхээр  Налайхаас очсон эмэгтэй урцандаа шатаж амиа алдсан гэхчлэн эмгэнэлт хэргүүд гарсаар байна.
 
Хан Хэнтийн УТХГ-ын 22.4-хөн  хувийг  хушин ой эзэлдэг 
 
Хан Хэнтийн УТХГ нь Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн найман сумын 1.748.103 га талбай бүхий нутаг дэвсгэр хамаардаг. Үүний 96.5 хувийг ой хөвч эзэлдэг бол 22.4 хувийг хуш мод эзэлдэг. Тэгвэл өнгөрсөн жил иргэн, аж ахуй нэгжид хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгосонтой холбогдуулан дээрх бүс нутагт самар бэлтгэхээр очиж  улмаар хил зөрчиж, ОХУ-д саатуулагдсан хэргүүд удаа дараа гарчээ.
 
Өнгөрсөн онд 68 удаагийн үйлдлээр 1434 хүн хилийн зурвас зөрчсөн. Том оврын тоноглосон авто машинаар уулын замд зорчиж байгаад осолдож, хоёр хүн нас барсан зөрчил илрүүлсэн.  Иймд 30-аад аж ахуй нэгж, 300-гаад иргэнийг буулгаж, хууль сануулсан. Нэг удаа хууль сануулаад 10 хоногийн дараа дүрэм журмыг  биелүүлээгүй  иргэдийг саатуулах арга хэмжээ авсан хэмээн ажлын хэсэг мэдээлж байгаа юм. Хилийн бүсэд өнгөрсөн жил самар олигтой ургаагүй. Энэ нь самар түүхээр очсон иргэд гүн рүү орох, төөрөх, хил зөрчих нэг шалтгаан болсон бололтой.
 
сонин mn
 
Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны  дарга Б.Хашмаргад хэлэхдээ “Хүнд машин механизм хөлөглөж самар түүж байгаа иргэд модыг дайрах, усны гадаргууг өөрчлөх, олон салаа зам мөр гаргах, түлээ түлш бэлдэх зэргээр байгаль орчныг доройтуулж байна” гэдгийг онцолсон. Үүнээс үзэхэд манай улс самар бэлтгэх зөвшөөрөл олгох журам, энэ төрлийн бизнесийг зохицуулах хуулиа яаралтай эргэж харах шаардлагатайг дээрх үйл явдал харуулж байна. Тэр тусмаа самар бэлтгэх зөвшөөрөл түлхүү  олгодог бүс нутгийнх нь 96.5 хувийг ой хөвч, түүнээс дөнгөж 22.4 хувь нь  хуш мод  байхад самрын бизнесийг үргэлжлүүлэх, эсэхийг нэг мөр шийдэж, хуульчлахгүй бол Монгол Улс НҮБ-д амласан  тэрбум модоо  тарьж ургуулж амжаагүй  байтал  тэнд тэрбум мод үхэж дуусах нөхцөл байдал нүүрлэжээ.
Ч.Үл-Олдох 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn