Үнэлэмж нь буусаар буй малчдын хөдөлмөр

130

Монголын мал аж ахуйн салбарын ирээдүйг тольдохын тулд өнөөгийн малчдын хөдөлмөрийн үнэлэмж, орлогын бүтэц, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй биз ээ. 
Малчдын орлогын хаалга жижгэрсээр байна
Өнөөдөр Монгол Улсад 285.5 мянган малчин байна. Ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна гэсэн үг юм. Тэдний хамгийн их нь 35-54 насныхан байгаа бол 24 хүртэлх насныхан хамгийн бага байна гэдгийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан байдаг.
Тэгвэл тэдний орлогын бүтэц, хөдөлмөрийн үнэлэмж ямар байдаг вэ. Малчдын хөдөлмөрийн үнэлэмж, орлого, нийгмийн асуудал нь малынхаа ашиг шимтэй уялддаг. Учир нь малчин өрхийн орлого бол малын түүхий эд юм. Тэр ч утгаараа малчин өрхийн орлогын бүтцийн дийлэнх буюу 66.8 хувь нь мал аж ахуй, малын гаралтай түүхий эд байгаа юм. Харин 17.2 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, 10.7 хувь цалин хөлс буюу хүний малыг хөлсөөр хариулах, гэр бүлийн зарим гишүүн нь суурин газар хөдөлмөр эрхлэх, 4.3 хувь нь өрхийн хөдөлмөр эрхлэх буюу эхнэр нь хөлсөөр дээл оёх, ойр зуурын ахуйн бараа зарах гэх мэтээр орлого олдог байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хийсэн “Малчдын аж байдал” судалгаанд дурдсанаар малчдын сарын дундаж орлого 959 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, малчдын хамгийн бага нь 300 мянга, хамгийн их нь 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой байгаа юм. Нийт өрхийн 89.5 хувь нь ноос, ноолуураас, 87.1 хувь нь арьс, ширнээс, 31.7 хувь нь сүүнээс, 2.2 хувь нь сүүн бусад бүтэгдэхүүнийг зарж ашиг шимийг нь хүртдэг. Мөн нийт өрхийн 55 хувь мал зарж, 24.6 хувь нь мал махалж ашиг шимийг нь хүртсэн гэжээ.
Малчдын хувьд орлого нь улирлын чанартайгаас гадна, газар зүйн байршлаас шалтгаалан өөр байдаг. Тухайлбал, зүүн болон төвийн аймгуудын малчдын хувьд зах зээлтэй ойр тул малаа амьдаар болон махалж зарах боломж ихтэй. Сүү, ааруул гэх мэтээ ч боловсруулан худалдаалдаг. Харин баруун аймгуудын хувьд махаа хөдөөнөөс аймгийн төв руу оруулж худалдаалахаас хэтрэхгүй. Тиймээс мал, махны үнэ хямд. Бас жилд эдийн засгийн эргэлтэд оруулах малын хэмжээ төдийлөн их биш. Ааруул, сүү ч мөн
адил дүр зурагтай. Ноолуурын хувьд ч алслагдсан гэдэг утгаараа бусад бүсийн малчдаас доогуур өгдөг байсан. Харин сүүлийн үед зам харгуй, мэдээллийн технологийн дэвшлийн дүнд зах зээлийн үнээр борлуулдаг болсон нь завшаантай. Малчдын орлогын бүтэц нь ийнхүү мал аж ахуйгаасаа хамааралтай тул түүхий эдийн ханш малчдад хамгийн чухал.
Гэвч Монгол Улсад арьс, ширний ханш шал дээр унасан тул малчид ноолуур, махандаа л орлогоо даатгаж буй. Харин малчдын шууд худалдан авагч нь ченжүүд болохоор төвийнхний авч байгаа шиг махаа үнэтэй зарж чаддагүй. Энэ мэт малчдын хөдөлмөрийн үнэлэмж буурч, орлогын хаалга жижгэрсээр байна.
Үнэлэмж нь буусаар буй малчдын хөдөлмөрУИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
Мал, мах, түүхий эдийн үнэ өссөн тохиолдолд л малчны орлого нэмэгддэг. Арьс шир, ноос, нэхий гээд түүхий эдийн 2014 оныхоос 50 хувь унасан. Ийм байхад малчдын орлого эрс буурчихаж байгаа юм.
Малчдын тоо буурсаар байна
Өмнө дурдсанчлан малчин өрхийн орлого мал аж ахуйн бүтээгдэхүүнээс тэр дундаа мах, ноолуураас хамааралтай байгаа бол зарлага нь маш олон зүйлд хуваарилагдаж байна. Тодруулбал, малчин өрхүүдийн нийт зардлын 14.8 хувийг хүнсэнд, 13.1 хувийг гэр ахуйн бараа, хувцас хэрэглэл худалдаж авахад, 4.3 хувийг сургалтын төлбөрт, 18.2 хувийг малын тэжээлд, 1.7 хувийг шатахуунд, 11 хувийг түлээ, түлшинд, 3.4 хувийг харилцаа холбоонд, 6.1 хувийг боловсролд, 5.7 хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд, 17.4 хувийг зээлийн төлбөрт зарцуулдаг байна. Мөн туслах ажилтны цалинд, цахилгаан, ус дулааны төлбөр болон бусад зүйлд ч зарцуулдаг байна. Түүнчлэн “НДШ болон ЭМД-ыг сүүлийн 12 сарын хугацааны хэдэн сард нь төлсөн бэ?” гэсэн асуултад малчдын 71.1 хувь нь нийгмийн даатгал төлөөгүй гэсэн бол 26.7 хувь нь 12 сарын хугацаанд нийгмийн даатгал төлсөн гэжээ. Үлдсэн 2.3 хувь нь тогтмол бус боловч НДШ төлжээ. Нийт малчдын 40.2 хувь нь буюу 114.7 мянган малчин зээлтэй байна. Энэ мэт хөдөлмөрийн үнэлэмжээс шалтгаалж жилээс жилд Монголын малчдын тоо буурч байгаа. Өмнөх онд гэхэд малчдын тоо 3.2 мянгаар цөөрсөн. Түүнчлэн малчдын нас нэмэгдсээр байгаа нь “20,
30 жилийн дараа Монголын малыг хэн маллах вэ” гэдэг асуултыг ч дагуулна.
Малын хөлийн татвар бол гарц
Энэ мэт байдлыг цэгцлэх арга нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх замаар малчдын орлогыг өсгөх юм. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэх нь чанарыг нэхнэ. Чанаржих нь орчин буюу бэлчээр, тооноос хамаарна.
Монгол Улс 70 сая 949 мянга 900 толгой малтай болсныг өнгөрсөн оны мал тооллогын дүн харуулсан. Энэ нь жилийн дотор Монголын мал 4.5 саяар өссөнийг харуулж байна. Үүнээс адуу 4.213.800, үхэр 4.751.700, тэмээ 472.400, хонь 32.258.700, ямаа 29.253.400 болсон байна. Энэ онд таван хошуу мал тавуулаа өсөлттэй байсан байна. Өөрөөр хэлбэл, ямаа 2.1, хонь 1.7 саяар өссөн бол үхэр 378, адуу 273, тэмээ 12 мянган тоо толгойгоор өсжээ. Тэгвэл Монгол Улсын бэлчээрийн даац 50 сая толгой. Ингэхээр бэлчээрийн даац 20 гаруй саяар хэтэрсэн байгаа юм. Монгол Улсын мал сүүлийн арван жилийн хугацаанд жил бүр таван саяар нэмэгдсэн байдаг. Өнгөрсөн онд л ганцхан 400 гаруй мянгаар нэмэгдсэн юм. Ингээд чанаргүй мал, эдийн засгийн үр өгөөжгүй салбар, хөдөлмөрийн үнэлэмж нь газар унасан малчид гэж байгаа юм.
Уг нь асуудал их энгийн байгаа юм. Малын хөлийн татварыг нь авахаар тоо толгой нь аяндаа цөөрч, чанаржина. Авсан татвараа сан бүрдүүлж, зөвхөн малчдад чиглэсэн, малын түүхий эдийг боловсруулахад чиглэсэн үйлдвэрлэлд зарцуулах. Тэгвэл эргээд бэлчээрийн даац, малын чанар, малчдын орлого, хөдөлмөрийн үнэлэмж нь нэмэгдэх. Гэвч Монгол Улсад энэ асуудлыг улиг болтлоо ярьсаар. Хуучирсан сэдэв, бүтэхгүй асуудал мэтээр ужгирч байна. 2009 оны тавдугаар сард Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиас малчин өрхөд хамаарах заалтыг авч хаян, малын хөлийн татварыг үгүй болгосон. Дараа нь 2015 онд Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд малын хөлийн татвартай болох заалт оруулсан ч унасан. Ингээд Монголын мал аж ахуйн салбарын аврагдах боломж устсан юм. Гэтэл хууль тогтоогчид түүнийгээ “малчдад үзүүлсэн тус” гэж тайлбарладаг. Гэхдээ одоо ч байдал оройтоогүй байна.
Үнэлэмж нь буусаар буй малчдын хөдөлмөрБодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан
Бэлчээрийн ачааллыг дунд зэргийн түвшинд барьж, ашиглалтыг зохицуулах бодлого барьвал ургац сайжирч, бүтээмжит чадвар нь нэмэгдэнэ. Үүнийг дагаад үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг өснө. Тухайлбал, бэлчээрийн ачааллыг найман хувиар бууруулахад малчдын орлого 10 хувиар нэмэгдэх боломжтой.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn