Булганчуудын “толгойн өвчин”: Химийн хорт бодисоор бохирдсон хөрс
- ТОМИЛОЛТ: ХЭҮК Булган аймагт ажиллалаа -
Сэтгүүлч миний бие ХЭҮК-ын төлөөллүүдийн хамт Булган аймгийн зүг хөдөллөө. Зорилго нь тэд тус аймагт хүний эрхийн зөрчил хэр гарч байгаа эсэх, энэ чиглэлд дутагдаж байгаа ажил, төрийн бодлого төдийгүй ахиц дэвшлийн талаар нүдээр үзэж, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсох, цаашид авах арга хэмжээг нутгийн удирдлагуудтай хэлэлцэх юм.
ХЭҮК аймаг тус бүр хүний эрхийг хангах чиглэлд хэрхэн ажиллаж буйд "дүн тавьсан"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 21 аймаг тус бүрийн Засаг дарга нарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичигт тусгагдсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд асуудал, түүний хэрэгжилтийн нөхцөл байдалд 2023-2024 онд дүн шинжилгээ хийжээ. Нэг үгээр аймаг тус бүр хүний эрхийг хангах чиглэлд хэрхэн ажиллаж буйд дүн тавьсан.
Энэ удаад ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Орхон аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын асуудлыг хэлэлцүүлэхээр Булган аймагт 2024 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Булган аймагт ажилласан энэ юм.
БУЛГАН АЙМГИЙН ТУХАЙ ТОВЧХОН:
Булган аймаг нь 60 мянга гаруй хүн амтай, Засаг захиргааны хувьд 16 сум, 1 тосгон, 75 багтай. Нийт хүн амын 74.5 хувь хөдөө орон нутагт амьдардаг. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуйн салбар.
ХЭҮК-оос Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичигт тусгагдсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үзэхэд:
- Хөрсний бохирдол үүсгэж хог хаягдал, нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх
- Химийн хорт болон аюултай бодисын асуудалд анхаарал хандуулж, хүн, амьтан, хүрээлэн буй орчныг учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгуулан батлуулах
- Стандартын бус барилга тэр дундаа дотуур байрны дотор, гадна орчны аюулгүй байдал, усны хангамжийг сайжруулахад анхаарал хандуулж, төсөв, хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж ажиллах
- Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл, арга, ажиллагааг нэвтрүүлэх
- Аймгийн хэмжээнд халдварт өвчлөлийг бууруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулахад анхаарах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулах шаардлагатай гэж дүгнэгдсэн.
Эхний өдөр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Булган аймаг дахь референт Д.Мөнхсайхан бусад алба хаагчид ажиллаж аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү болон цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны холбогдох төлөөлөлтэй хүний эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар санал солилцохын сацуу Цагдаагийн газар, Шүүххийн шийдвэр гүйцэтгэх газрын нөхцөл байдалтай танилцлаа.
ЦАГДАА: БУЛГАН АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ТОХИОЛДОЛ БУУРСАН
Эхний өдөр ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан баг Булган аймгийн Цагдаагийн газарт ажиллаж, “Ногоон бүс” аяны хүрээнд зохион байгуулж буй камержуулалтын явц, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан иргэдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцож, эрүүлжүүлэх, цагдан хорих байрны нөхцөл байдалтай танилцлаа.
Тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрыг мэргэжлийн байгууллагаас эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэсэн учир эрүүлжүүлэх байрын зураг төслийг боловсруулж, холбогдох газарт хандсан байна. Гэвч шаардлагатай төсвийг 2025 оны улсын төсөвт тусгаагүй. Тиймээс аймгийн төсвөөс 6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийж, хүний эрхийг хамгаалах чиглэлд ахиц гаргахыг хичээсэн гэдгийг Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Г.Ганбаяр танилцууллаа.
Мөн тус аймгийг Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн зам дайран өнгөрдөг. Энэ утгаараа дамжин өнгөрөх зорчигч олонтай тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил давамгайлдаг. Харин хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоо өнгөрсөн 2023 оны мөн үеийнхээс 40 орчим хувиар буурсан гэлээ. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийт 1008 ширхэг камер суурилуулсан. Харин Цагдаагийн газраас нийт 96 камер суурилуулснаас 76 ширхэг нь хэвийн ажилладаг.
ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙГ БҮРЭН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ
Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагатай уулзаж, байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа. Өнөөдрийн 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 10 хоригдогч, аж ахуйн үйлчилгээнд 5 хоригдол ял эдэлж байна. Мөн хүүхдийн тэтгэлгийн 393 сая гаруй төгрөгийн 244 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, нийт 43,8 сая төгрөгийг 27 тэтгэлгийг бүрэн төлүүлсэн, тэтгэлэг төлөгч 135 иргэнээс 148 сая төгрөгийг гаргуулж, тэтгэлэг авагчдад олгуулсан нь 49 хувийн ажлын үзүүлэлттэй байна гэлээ.
Цаашид анхаарах асуудлууд цөөнгүй байгаа бөгөөд тухайлбал, анх удаагаа хоригдож байгаа иргэний сэтгэл зүй тогтворгүй байдагтай холбогдуулан сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Гэвч сэтгэл зүйчийн орон тоо батлагдаагүйн улмаас нийгмийн ажилтан нь үүрэг хавсран гүйцэтгэдэг. Тиймээс уг асуудалд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэхийг Комиссоос хүслээ. ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллах ёстойг онцолж, насанд хүрээгүй хүүхэд цагдан хоригдсон тохиолдолд бие, нас, хүйс, сэтгэл зүйн онцлогийг анхаарч үзэх, хууль зүйн туслалцааг тогтмол үзүүлж байхыг зөвлөлөө.
ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛСОН НЬ САЙШААЛТАЙ Ч ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГ ШИЙДЭГДЭХГҮЙ УДДАГ НЬ ШҮҮМЖЛЭЛТЭЙ
Булган аймаг дахь түр хамгаалах байрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2024 онд ашиглалтад оруулсан бөгөөд сэтгэл зүйч, багш, харуул, тогооч гэсэн нийт 7 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд хамгааллын хүрээнд сум бүрд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлт нөхцөлд байгаа иргэн, бага насны хүүхдэд цаг алдалгүй тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг тус хамгаалах байрны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунзаяа ХЭҮК-ын дарга Д.Сүнжидэд танилцууллаа.
Аймгийн хэмжээнд 415 хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байна. Ахуйн хүрээний архидан согтууралтаас үүдэн хүүхэд үл хайхрах болон гэр бүлийн хүрээний хүчирхийлэлд өртөх, бэлгийн хүчирхийллийн хохирогч болох харамсалтай тохиолдол гарсаар байгаа гэв.
Улмаар ХЭҮК-оос хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулахад шаардлагатай зарим асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад уламжилж өгөхийг хүслээ. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаа удаашралтай байгаа нь хохирогч дахин хохирох эрсдэлийг үүсгэж байгаа тул уг асуудалд анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцлов. Дашрамд дурдахад, ХЭҮК хүүхэд хохирсон гэмт хэрэг дээр яаралтай горимоор анхаарах ёстой гэдэг байр суурь баримталдаг билээ.
ЗООРИНД 50 ЖИЛ ХАДГАЛСАН ХИМИЙН БОДИСЫН УРШИГ ГАРЧ, ИРГЭД ХОХИРЧ БАЙНА
Түүний дараа мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус лаборатори нь 1959 онд ашиглалтад орсон. Аймаг, орон нутгийн хэмжээнд хүн, мал, амьтны халдварт өвчний тандан судалгаа, оношилгоо хийдэг. Барилгын байр хуучирч, стандартын шаардлага хангахгүй болсон учир 2015 онд барилгын зураг төслийг боловсруулж, батлуулсан боловч өнөөдрийг хүртэл санхүүжилт шийдэгдээгүй. Мөн тус лабораторийн агуулахад хадгалж байсан химийн бодисын нөлөө ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тус лабораторийн эрхлэгч Б.Энхболд танилцууллаа.
Лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс маш их хэмжээгээр пестицидээр бохирджээХЭҮК-ын Д.Сүнжид уулзалтын эхэнд Булган аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг онцолсон юм. Учир нь аймгийн төвийн нийт цэгийн хяналт шинжилгээгээр хөрсөн дэх химийн бодисын стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн.
Мал эмнэлгийн лабораторид 1970 оноос 2014 он хүртэл хадгалагдаж байсан химийн бодисоос үүдэн тус лабораторийн ойр орчмын хөрс бохирдсон. Тодруулбал 94 нэр төрлийн 61 кг хуурай химийн бодис, 25.9 литр шингэн химийн бодисыг зоорийн давхарт 50 гаруй жил хадгалсны уршиг ийнхүү гарч байна. Бүгд Найрамдах Чех Улсаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс маш их хэмжээгээр пестицидээр бохирдсон гэдгийг дурдаж, тус лабораторийг нүүлгэж, эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангасан шинэ ажлын байранд нэн даруй шилжүүлэн ажиллуулах тухай Комиссын гишүүний шаардлагыг 2019 онд хүргүүлсэн байдаг. Комиссын шаардлагын дагуу химийн хорт бодис агуулж байсан агуулахын өрөөг шороогоор дүүргэж, бетоноор хучих арга хэмжээ авсан ч химийн бодис үнэртсээр байдаг. Мөн хөрсийг хуулж, шинээр хучих ажлыг хийхэд 500 сая төгрөг шаардлагатай буйг аймгийн ИТХ-д танилцуулсан боловч өнөөг хүртэл төсвийг батлаагүй байна.
Химийн бодис лабораторийн барилга байгууламж, хөрсөнд шингэсний улмаас ажилчид эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх эрсдэлтэй байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлэх шат дараатай арга хэмжээ авна гэдгээ ХЭҮК-ын дарга Д.Сүнжид илэрхийллээ.
ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ СОНСОВ
Аравдугаар сарын 29-нд болсон “Иргэдээ сонсъё" арга хэмжээний үеэр Булган аймаг дахь төрийн байгууллагын албан хаагчид, төрийн бус байгууллага иргэдийн төлөөлөл оролцож, санал хүсэлтээ Комисст уламжиллаа.
Арга хэмжээнд оролцсон иргэдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр аймаг, орон нутгийн зүгээс дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг байх, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэхэд анхаарах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа хүний эрхэд суурилсан байхад анхаарах, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарах, электрон тамхины сөрөг нөлөөг иргэдэд таниулах, хэрэглээг хязгаарлахад чиглэсэн дорвитой ажил өрнүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүнийг хүүхдэд худалдаалж байгааг таслан зогсоох, тэтгэврийн зөрүүг арилгахад бодитой алхам хийх зэрэг асуудлыг дэвшүүлсэн юм.